ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатар өнөөдөр мэдээлэл хийж, ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг цагдаагийн байгууллагад шалгуулахаа мэдэгдэв.
Тэрбээр “Б.Хурц “Цахим террор” үзэсгэлэндээ намайг хүнд гэмт хэрэгт шууд гүтгэсэн. Германы иргэний мөнгийг дээрэмдэж, гар утсыг нь барьж, машиныг нь унасан зэргээр Америк кинон дээр гардаг шиг гэнэн гоомой юм ярьж байна.
Герман иргэн Монгол Улсад хууль бусаар нэвтрэн орж, мөрдөн байцаалтаас зугтаж, оргон зайлсан. Энэ үед буюу 2004-2005 онд би гэр бүлийн хамт ОХУ-д суралцаж, ажиллаж, амьдарч байсан. Монголд нэг ч ирээгүй. Энэ байдал, бусад хөдөлшгүй баримтыг үндэслэн прокурорын байгууллагаас 2014.08.13-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан. Би энэ асуудлаар иргэний шүүхэд хандаж, шүүхээс хууль бусаар цагдан хоригдож, гэмт хэрэг үйлдсэн мэт нэр зүүж, хохирсоныг тогтоож, 2021 онд надад төрийн сангаас 12.3 сая төгрөгийн нөхөн олговор олгож, энэ асуудалд цэг тавьсан.
Гэтэл Б.Хурц гэдэг хүн энэ гүтгэлгийг дахин явуулж байгаа учраас цагдаагийн байгууллагад гүтгэх гэмт хэргээр шалгуулахаар хандаж байна.
Мөн намайг Цэнгэл, Бадамрагчаа гэдэг хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэж удаа дараа гүтгэсэн. Энэ хүмүүсийг төрийн эсрэг гэмт хэрэгт шалгаж байсан ТЕГ-ын ажилтнуудыг хорьж шалгасан. Тэгээд 2014 оны шүүхийн тогтоолоор биднийг бүгдийг нь цагаатгасан. Харамсалтай нь энэ тогтоол нууцад хамаарч байгаа. Би нууцаас гаргах хүсэлтийг өгсөн байгаа.
Онц хүнд гэмт хэрэгт удаа дараа гүтгэж, намайг ингэж хэлмэгдүүлж байгаа юм чинь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэлмэгдүүлэх нь тодорхой юм байна. Тиймээс би ил гарч, шударга бус зүйлтэй тэмцэх ёстой юм байна” гэсэн мэдээллийг өгөв.
Мөн тэрбээр “Би ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын даргаар тодорхой хугацаанд ажиллаж байсан. Б.Хурцын үйл ажиллагаа, төрхөөс болоод тагнуулын байгууллагын талаарх ард түмний ойлголт буруугаар эргэх эрсдэл үүсэж байна. Тагнуулын байгууллагад үе үеийн сэхээтнүүдийн сор нь ажилладаг. Тэнд ямар ч хууль бус зүйл байхгүй” хэмээн тагнуулын байгууллагын нэр төрийн хамгаалахыг хүсэж байгаагаа илэрхийлэв.
Уншиж байна |