УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Чуулганаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор гишүүдээс санал хураалгалаа.
Хуулийн төсөлд эм, эмнэлгийн хэрэгслийн тусгай зөвшөөрлийн тухай зарим зохицуулалтыг өөрчилж, тэдгээрийн хугацааг хуульд заасан зохистой дадлын стандартыг үндэслэн сунгах, мөн стандартчил, техникийн зохицуулалт эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, хадгалалт, түгээлт, эмийн сан, лаборатори, жорын зохистой дадлын стандартыг батлах, хэрэглээнд нэвтрүүлэх эмийг бүртгэх, эм худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөхөөс бусад эмийг цахим жороор захиалгын дагуу хүргүүлэх зэрэг зохицуулалтыг нэмж оруулсан байна.
Мөн, эм, эмнэлгийн хэрэгслийг зөвхөн мэргэжлийн хэвлэл, албан ёсны цахим хуудсаар сурталчлах, хэрэглэгчийн гарын авлагын агуулгыг тодорхой болгох, эмнэлгийн жижиг хэрэгсэл гэснийг эмнэлгийн хэрэглэгдэхүүн болгож өөрчлөх, уламжлалт эмэнд генийн өөрчлөлтийн шалгуур тавихгүй байх, үйлдвэрүүдэд зохистой дадлын стандартыг 2029 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заажээ. Түүнчлэн, эм үйлдвэрлэх экспортлох тусгай зөвшөөрөл эзэмшигч, дотоодын үйлдвэрлэгч нар био эквивалент судалгаа, өнчин эмийн бүртгэл, бүртгэлгүй эм, өндөр, дунд эрсдэлтэй эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх заалтыг 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх шилжилтийн үеийн зохицуулалтыг хуулийн төсөлд нэмсэн байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар төрийн эрүүл мэндийн байгууллагуудын ашиглаж байгаа эм, эмнэлгийн хэрэгсэл, даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгож байгаа эмийг төр өөрөө НҮБ-ын Хүүхдийн сангийн худалдан авалтын систем ашиглан авч байх боломж бүрдэх юм.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хувийн хэвшилтэйгээ төр өрсөлдөх хууль болох гэж байна. Эмийн үнийг буулгая гэсэн санааны чинь ард дарга нарын авлига дээд цэгтээ хүрнэ. Дарга нарын оруулж ирсэн эмээр өрхийн эмнэлэгт үйлчилдэг болно. Дарга нарын авчирсан чанаргүй эмээр МУ-ын иргэд үйлчлүүлэх болчихоод байна. Төр хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг байдал хэрээс хэтэрлээ. Эрүүл мэндийн даатгалд хамруулж байгаа эмийн үнийг хөнгөлөх маш олон аргыг дэлхийн бүх улс орнууд хэрэглээд болж байна. Төр бүгдийг худалдан авна гээд дайраад байх юм" хэмээн байр сууриа илэрхийлээ.
Уншиж байна |