Үхрийн бөөр шиг (хэлц): Эрээвэр хураавар, янз бүрийн юм холилдох /Монгол хэлний тайлбар толь/
АН-аас гарсан Д.Пүрэвдаваа, ХҮН-аас татгалзсан О.Батхүү, МАН-аас хөөгдсөн Н.Номтойбаяр нар нэгдлээ. Тэд Үндэсний эвсэл нэрийн дор УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөхөөр эрх ашгаа нэгтгэж, өнөөдөр гарын үсгээр баталгаажуулав.
Н.Номтойбаяр МАН-ын нэрээр УИХ, Засгийн газрын гишүүн болж, албан тушаал, эрх мэдэл эдэлж яваад нэг л өдөр улс төрөөс шахагдаж, намаасаа хөөгдсөнөөр түүний МАН-ын гишүүний намтар дууссан.
Д.Пүрэвдаваа ч ялгаагүй, АН-ын нэрээр НИТХ-ын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн Засаг дарга зэрэг албан тушаал, эрх мэдэл эдэлсэн ч гишүүн байхаас залхаж, Монголын либерал ардчилсан намын дарга болохоор унаган намаасаа татгалзсан нэгэн.
Харин хуульч О.Батхүү ХҮН-аас юм олж долоогоогүй. Итгэл үнэмшилдээ хөтлөгдөн ХҮН-д нэгдэж буйгаа илэрхийлж байсан тэрбээр хоёр жилийн дараа ХҮН-аас татгалзан гарч, одоо Н.Номтойбаярыг түшлээ.
Нам, намаас хөөгдсөн, татгалзсан, гарсан “үхрийн бөөр”-үүд ямартай ч сонгуулийн өмнө нэгдэж, гар барилаа. Тэдний нэгдэл хэр удаан үргэлжлэхийг гагцхүү эрх ашиг л мэднэ.
Б.Хэрлэн
Уншиж байна |