Хотын дарга Х.Нямбаатарын пост АН-ынхан дунд хэрүүлийн алим ургуулжээ. Хотын мээр "Зоригийн хөшөөг заржээ! Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж, газар дээр нь олон давхар цамхаг барихыг санаархаж байна" хэмээн бичсэн нь АН-ынхан жийлцэх шалтгаан болж, хэн зарсан талаар хэрүүл одоо ч үргэлжилж байна.
Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Шижир "Талбайн урд талын С.Зориг агсны хөшөөтэй байрыг Да.Ганболд тэргүүтэй хэсэг бүлэг хуяа нар зарчиж" хэмээн хэргийн эзнийг шууд зарласан бол Да.Ганболд "Ө.Шижир гэдэг хүнийг танихгүй, мэдэхгүй, үзээгүй, сонсоогүй" хэмээн мэлзлээ.
Хариуд нь Ө.Шижир "Би ч танихгүй, мэдэхгүй. Бүүр үзээ ч үгүй шдээ. Ааан, харин сонссон юм байна. Хэнтийн нөхөн сонгуульд амны бөх болж унаж өгснийг, түүний өмнө 2020 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөлд хэвтэж өгснийг нь бол сонссон сонссон" хэмээн ёжилж, тохуурхжээ.