2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлэхэд 31 хоногийн хугацаа үлдлээ. Гэвч 44 хууль баталж, дөрвөн сонсгол зохион байгуулахаар төлөвлөсөн отгон чуулганы үйл ажиллагаа нэг л жигдрэхгүй байсаар дуусах төлөвтэй. УИХ-ын тухай хуульд зааснаар хаврын чуулган ажлын 75 хоногт хуралдаад хаана. Гэвч энэ жил сонгуулийн жил учраас парламент сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө ажлаа амжуулаад хөшгөө хаана гэсэн үг. Сонгуулийн сурталчилгаа ирэх сарын 10-нд эхэлнэ. Тэгэхээр энэ төрийн түшээдэд хугацаа тун бага үлдсэн байна. Юун 44 хууль баталж, дөрвөн сонсгол зохион байгуулах вэ гэсээр л дуусах болов уу.
Парламент дахь бүлгийн хуралдаанууд сүүлийн гурван долоо хоногт цуцлагдсан. Байнгын хороод гишүүдийн ирц хүрэхгүй шалтгаанаар мөн л гурван долоо хоног хуралдаагүй. Нэгдсэн чуулганыг энэ долоо хоногт бүрэн завсарлуулчихлаа. УИХ-ын Хянан шалгах тухай хуулийн дагуу байгуулагдсан сонсгол зохион байгуулах чиг үүрэг бүхий түр хороонууд ч мөн гишүүдийн ирц хүрэхгүй шалтгаанаар хуралдаж чадахгүй байна. Аргаа барахдаа парламентын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдааны үеэр "Хөдөөнөөс сонгогдсон гишүүдээс орон нутагт ажиллая гэсэн санал хүсэлт маш их ирж байгаа. Үүнийг харгалзан үзээд бүх хуулиа баталчихвал чуулганыг завсарлуулж магадгүй. Сонгууль ойртсон энэ үед хууль хэлэлцэх маш хүнд байдаг. Өмнөх парламент хурууны хээгээр санал өгдөггүй байсан учраас "төгөлдөр хуурдах" гэсэн нэр томьёотой байсан. Долоон гишүүн сууж байгаад л хууль баталчихдаг, ирц бүрдүүлчихдэг байсан жишээнүүд байдаг юм билээ. Нэг гишүүн 10 секундэд есөн гишүүний кнопыг дарж рекорд эвдэж байсан" гэж байв. УИХ-ын даргын дээрх байр сууринаас харвал парламент хуулийн хугацаагаа дуусгахгүйгээр өндөрлөж магадгүй байна. Чуулган завсарлахтай зэрэгцэн Хянан шалгах түр хорооны сонсголуудыг цуцлах асуудал яригдана.
44 хууль
Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн нэгдүгээр сарын 17-нд баталсан. Тус тогтоолд дараах асуудлыг хэлэлцэхээр тусгажээ. Одоогоор эдгээр хуулиас 3-4 хуулийг нь эцэслэн баталж, зарим нь хэлэлцүүлгийн шатанд ч шилжээгүй байна.
1. Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
2. Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/
3. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
4. Биеийн тамир, спортын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
5. "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
6. Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
7. Даатгалын тухай, Даатгалын зуучлалын тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн төслүүд /Шинэчилсэн найруулга/;
8. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
9. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
10. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
11. Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл;
12. Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл;
13. Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
14. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
15. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
16. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
17. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
18. Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
19. Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон "Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
20. Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Казахстан улсын Засгийн газар хоорондын "Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай" хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
21. Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл"-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
22. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
23. "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
24. "Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-ний баримт бичиг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
25. Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл;
26. "Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
27. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төсөл
/Шинэчилсэн найруулга/;
28. Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хуулийн төсөл;
29. Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
30. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;
31. Хөдөө аж ахуйн бүсийн тухай хуулийн төсөл;
32. Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл;
33. Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай Юнидруа /Хувийн эрх зүйн нэгтгэх олон улсын хүрээлэн/-ын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
34. Хүний эрхийг хангах багц хуулийн төсөл;
35. Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
36. Цусны донорын тухай хуулийн төсөл;
37. Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл
38. Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
39. Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
40. Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
41. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
42. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
43. Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
44. Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/-ыг тус тус батална.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 9. Пүрэв ГАРАГ. № 93 (7337)
Т.Батсайхан