АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс 2024 оны УИХ-ын сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр Олон нийтийн зөвлөлийн гишүүн сэтгүүлч Б.Отгон: АТГ-аас таван зүйл заалт бүхий мэдэгдлийг холбогдох газруудад хүргүүлж байна.
Улс үндэсний эрх, ашиг сонирхол, ард түмний эрх ашгийн ямагт дээдлэн сахидаг, хэлсэн үг хийсэн ажилдаа хариуцлага хүлээх чадвартай, аливаа ашиг сонирхлоос ангид албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байгаагүй өв тэгш боловсролтой, эх оронч сэтгэлтэй хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхийг улстөрийн намуудад уриалж байна
Хөгжлийн банкны дээрэм, нүүрсний хулгай, төмөр зам, ногоон автобус, Оюутолгойн луйвар, Эрдэнэтийн гэрээ, ЖДҮ, БЗС-гийн хулгайн хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа, шүүхээр шийтгүүлсэн, авилгач улстөрчдийг сонгуульд нэр дэвшүүлсэн нам эвслийг дэмжихгүй байхыг иргэд сонгогчдодоо уриалж байна.
Сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигч, намууд тэгш гараанаас гарах ёстой. Гэвч УИХ-ын гишүүд, сайд дарга нар төсвийн хөрөнгийг ашиглаж, төрөөс төлөвлөсөн ажлыг сурталчлах нэрийн дор сонгуулийн далд сурталчилгааг явуулж байна. Үүнд татвар төлөгчдийг буюу улсын төсвийн асар их хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байна. Сонгуулийн хууль зөрчсөн бүх үйлдлүүдэд хатуу хяналт тавьж, таслан зогсоохыг шаардаж байна.
Сонгогчдын саналыг худалдан авах замаар сонгох, сонгогдох эрх чөлөөнд халдаж буй хүний эрхийн зөрчилд хяналт тавьж, хамгаалж ажиллахыг ХЭҮК-т зөвлөж байна.
Сонгуулийн хууль журам зөрчсөн бүх үйлдэлд шуурхай шударга арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны хууль хяналтыг байгууллагад уриалж байна.
Уншиж байна |