Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ.
Тэрбээр "Энэ удаа Монгол Улсын Засгийн газраас хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг Улсын Их Хуралд өргөн барьж байна.
Энэ эрхзүйн реформд хот тосгоны эрхзүйн байдал, нутаг дэвсгэрийн нэгж, зарим шинэ хотуудын эрхзүйн орчин, УИХ-аас гаргах санхүүгийн эх үүсвэрийн зарим тогтоол багтсан болно.
Засгийн газраас өнөөдөр өргөн барьж буй 20 минутын хот эрхзүйн цогц реформ хэлэлцэн батлагдсанаар дараах асуудлууд шийдвэрлэгдэх болно.
Нэг. Нийслэл Улаанбаатар хотоос гадна Хөшигийн хөндий буюу Шинэ зуун мод хот, Шинэ Хархорум, Дархан, Эрдэнэт, Багануур, Налайхыг улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх, цаашид бүс бүхэн, боомт бүр улсын зэрэглэлтэй хоттой болох эрхзүйн боломж нээх юм.
Хоёр. Нийслэл Улаанбаатар хотыг дараах 14 хотод хуваан бие даан хөгжүүлнэ. Үүнд:
-Хан-Уул хот
-Яармаг хот
-Буянт-Ухаа хот
-Сонгинохайрхан хот
-Толгойт хот
-Баянхошуу хот
-Өнөр хот
-Баянгол хот
-Чингэлтэй хот
-Сэлбэ хот
-Сүхбаатар хот
-Дарь-Эх хот
-Баянзүрх хот
-Амгалан хот,
Эдгээр хотод иргэн бүр төрийн үйлчилгээг 20 минут дотор авахаар их өгөгдөлд тулгуурласан цахим төлөвлөлт бүхий нэгдсэн стандарт тогтоох юм.
Гурав. Нийслэлийн 204 хороог 42 нэгж болгон орон нутгийн хотын статустай томсгох, ингэснээр манай хороодын удирдлагууд шууд төсөв захиран зарцуулах эрх мэдэлтэй болно. Нэг үгээр хэлбэл, дамжуулагчийн үүргийг эцсийн шийдвэр гаргадаг нэгж болгоно.
Эрүүл мэнд, боловсрол, онцгой, цагдаа, нийтийн тээвэр, нийгмийн хөгжил, соёлын цогц үйлчилгээнд явган, дугуйн зам, усан бассейн, фитнесс клубээс эхлээд амьдралын чанарын бүх үйлчилгээ 20 минутын дотор очих байдлаар шинэчлэн зохион байгуулах, шаардлагатай хөрөнгийг улсын төсвөөс шийдвэрлэх, мөн төр хувийн хэвшлийн түншлэлийн эрхзүйн орчныг хангаж өгөхөд чиглэнэ.
Дөрөв. Бага тойруугийн төвлөрсөн эрх мэдлийг задлахын тулд Засгийн газрын харьяа байгууллагуудыг Хөшигийн хөндийд шилжүүлэн байршуулахаар төлөвлөсөн.
Бага тойруугаас-Хөшигийн хөндийг Дүүжин гүүр болон туннелээр шууд холбож 20 минутийн дотор Төрийн ордны Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх онгоцны буудалд шууд очдог байх юм.
Энэхүү холбоос гүүрийг “GoMongolia” буюу Өөдлөн тэмүүлэх Монгол гэж нэрлэнэ. Энэ хуулийн хүрээнд энэхүү гүүрэн байгууламжид Засгийн газрын баталгаа гаргах асуудал хамт орж байгаа гэдгийг хэлье.
Тав. Аймгийн төвүүдийг орон нутгийн чанартай хот болгон өөрчлөх, томоохон суурин газруудыг хотын статустай бие даан хөгжүүлэх асуудал энэ хуулийн хүрээнд мөн туссан болно.
Энэхүү хууль батлагдсанаар:
- Дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хүрээнд хөрөнгө оруулалт, татварын таатай орчныг бий болгоно.
- Тээвэр логистикийн нэгдсэн төвийг байгуулж, хөгжүүлснээр орон нутаг, бүс, олон улсын логистикийг сайжруулна.
- Орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж, нийслэлээс иргэд шилжин суурьших, төрийн байгууллага, их, дээд сургууль, коллеж, шинжлэх ухааны байгууллагуудыг нүүлгэх нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.