Улстөрийн сонгууль аль хэдийнэ эхэлсэн байна. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан АН-аас говийн бүсэд нэр дэвшинэ гэсэн яриа гарсан. Тэгвэл энэ яриаг баталгаажуулж сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Өмнөговиос сонгуулийн ажлаа эхлүүлсэн зураг мэдээллээ оруулжээ.
Тэрбээр "Би гэдэг хүн Өмнийн цэнхэр говийн Говь гурван сайхан уулын бэр болоод 22 жилийг ардаа орхижээ. Бэр очсон нутагтаа, чулуу шидсэн газартаа гэсэн эртний мэргэн үгийг дагаж энэ л нутгийг төрсөн нутаг шигээ санаж харгуйлсаар нутгийн зон олонтой ч ижилдэн дассан тул улам бүр алсран байгаа ардчиллыг дархлахын төлөө, эх орон газар шороо тусгаар тогтнолоо хамгаалахын үйлсэд нэгдэхээр энэ л нутагтаа ирлээ. Даланзадгадаас Баяндалай сумаа зорьж Гурван сайхан уулаасаа авшиг аваад говиор тоос татуулан давхиж явна.
Ирвэс хамгаалагч Лхагвасүмбэрэл агсны амь насаа алдсан нууцын мөрөөр Гурван тэс орж, Батмөнх даян хааны төрсөн нутаг Аргалант уулыг ухахаас сэргийлж, Цагаан дэлийн боомтыг нээлгэхгүйн төлөө нутгийн ахан дүүстэй ханьсаж явсан энэ л замаараа одоо бэдэрч явна. Нутгийнхан хийгээд ахан дүүс минь урам өгч хадаг сүүтэйгээ угтаж элэг татаад сэтгэл дүүрэн байна аа. Говьд сайхан зун болох нь ээ" гэжээ.