Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Ерөнхий сайд энэ сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах үүргийг ЗГХЭГ, Сангийн яам, ХЗДХЯ, Улаанбаатар хотын захирагчид өгсөн. Энэ үүргийн дагуу дээрх хуулийн төсөлд хэрхэн өөрчлөлт оруулах тухай асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцжээ.
Хотын дарга Х.Нямбаатар “2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын засаг захиргааны нэгжүүдийг хотод хуваах чиг үүргийг хэрэгжүүлсэн. 18 аймгийн төвийг хот хэмээн төлөвлөн хөгжүүлж ирсэн. Аймгуудын төвийг хот гэж нэрлээд, Нийслэл дагуу хотыг хот гэж нэрлээд асуудал шийдэгдэхгүй. Хотын эдийн засгийг хөндөх ёстой. Шинэ нисэх онгоцны буудлыг түшиглээд Шинэ зуун мод хотын эрхзүйн байдлын тухай хуулийг өргөн барьж байгаа.
Бидний анхны хэлэлцүүлэгт оруулж ирэх санал бол, 2022 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувийг орон нутагт, 60 хувийг улсын төсөвт төвлөрүүлэхээр зохицуулалт хийсэн. Үүнээс хойш орон нутгуудын төсвийн эрх мэдэл нэмэгдэж, харьцангуй өөр болсон. Тэгэхээр одоо Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг дагуулж ААН-ийн орлогын албан татварын 40 хувийн 20 хувийг буцаагаад улсад өгөөд, орон нутаг 20 хувиа л төвлөрүүлж авна. Харин суурин соёл иргэншлийн хэрэглээ үүсгэдэг НӨАТ-ынхаа 20 хувийг хот, тосгонууд төвлөрүүлж авдаг хэлбэрт шилжье гэдэг хуулийн төсөл оруулж байна. Ингэснээр хот, тосгон өөрийн орлогын татвараа төвлөрүүлж авч хот нийтийн аж ахуй, дэд бүтэц гэдэг зүйл шинээр бий болно.
Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд аймаг, сумын төв дэд бүтцийн нэгдсэн бодлогогүй явлаа. 21 аймаг нийслэлд хог, хаягдал шатаах нэг ширхэг ч үйлдвэр аймаг, хотод алга. Иргэд өмхийгөө арилгаач гэдэг бид яаж арилгах юм. Лаг боловсруулах үйлдвэртэй болж үнэр танараа арилгана биздээ. Дэд бүтэц нь 60 жилээр хоцорсон хотод амьдарч байгаа шүүдээ.
Хотын өнөөгийн дүр, төрхийг өөрчлөхгүйгээр бид хотын асуудлыг шийдэж чадахгүй. Мэдээллийн технологи өндөр хөгжчихсөн, дэлхийтэй өдөр бүр мэдээлэл солилцож байгаа залуус сумын төвд амьдрахыг хүсэхгүй байна шүү дээ. Сумын төв дээр үйлчилгээ байхгүй учраас 30-40 мянгаараа хот руу бүгд ирэх гэлгүй яах вэ. Тэгээд бүгд ухаантай, хотынхоо түгжрэл, утааг шийд гээд л. Хөдөөнөөс ирж байгаа хүмүүс бүгд орон сууцанд орж чадахгүй, яндангийн тоо нэмэгдээд байна. Бид энийг шийдэх гээд газар олголтыг зогсоож, машины тоо хязгаарыг багасгаж байна.
Цаашид 100 мянгаас дээш хүн амтай хотыг улсынх, 30 мянгаас дээш хүн амтай хотыг орон нутгийн хот гэж үзнэ. Суурин соёл руу нэг алхам ч гэсэн урагшлах хэрэгтэй болчихоод байна.
НӨАТ-ын тодорхой хувь байж өнөөдөр энэ замаа засна биздээ. Намайг гудамжаар явахаар замаа засаач гээд байгаа, мөнгө байхгүй юм чинь би яах вэ. Орлогын эх үүсвэр орж ирж байж л энэ асуудал шийдэгдэнэ шүү дээ. Байгаа мөнгөө бүгдийг нь шавхаж байгаад л метроны төслөө урагшлуулж байна. Би ажил аваад 31 хууль өөрчлүүлсэн, одоо дахиад 30 хууль өөрчлүүлж байна. Хуулийн хэрэглэгч болоод ирэхээр зовлонг нь ойлгож байна” гэв.
Уншиж байна |