Комедиан Д.Амартүвшингийн "Либертари нам" ирэх сонгуульд АН-тай хамтарч гурван хүнээ тухайн намаас их хуралд нэр дэвшүүлэхээ мэдэгдсэн билээ.
Тодруулбал, түүний байгуулсан намыг Дээд шүүх бүртгэж аваагүй юм. Өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлаараа Д.Амартүвшин "Намынхаа гишүүд болон ТУЗ-тэйгөө ярилцсаны дүнд 2024 оны сонгуульд Ардчилсан намынхантай нэгдэж орохоор болж байна. Биднийг сонгуульд орох боломжийг олгож байгаад нь баярлаж байна. Манай Либертари нам чөлөөт зах зээлд хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг. Хамгийн гол нь улс төрийн тавцангаас эрх чөлөөнд гай болж байгаа тэр бүх зүйлүүдийг зайлуулахын төлөө ажиллана" гэсэн юм.
Мөн түүнчлэн "АН хамгийн сайн сонголт байсан юм шүү. Сонголтондоо аймаар итгэлтэй байгаа. МАН-тай өөрөөр үзэх боломжгүй юм билээ. МАН-ыг цэвэрлэх гэж бид АН-тай хамт сонгуульд орж байгаа шүү дээ. Либертари нам бол АН-ыг баруун тийш нь чирэх бульдозер байх болно.
Мэдээж нам учраас дотроо тэмцэл, маргаан, зөрчлүүд нь байна. Гэхдээ бид улстөр гэхээсээ илүү үзэл санаагаар нь чирэхийг илүүд үзэж байгаа. Либертари намын гол уриалж байгаа зүйл бол баруун төвийн нам, чөлөөт зах зээл, жижиг төр, хувь хүний эрх чөлөөг дэмжиж байгаа залуус нь наашаа ирж, бидэнтэй нэгдэж масс болооч ээ. Энэ зодооноо больчих. Бүгдээрээ үзэл санаагаа ярья гэдэг чиглэл рүү явна" гэжээ.