Циркийн барилгыг хувьчилж аваад балгас болгосон хэмээн олон нийтэд шүүмжлүүлж байгаа сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж хорт хавдраар өвчилсөн тухайгаа энэ даваа гарагт өөрийн цахим хаягаараа дамжуулж мэдээлсэн билээ. Монголчууд түүнийг хорт хавдраа ялаад даваад гараарай гэсэн урмыг харамгүй хайрлаж байгаа юм.
Харин сошиал сүлжээнд идэвхтэй байдаг их аварга маань өчигдөр өөрийн хаягтаа циркийн шинэ барилгын тухай "Шинэ циркийнхээ ая тухын асуудлыг олон жил бодсон. Хааны сэнтий шиг суудалтай, энэ оны "NBA"-ийн стандартаар тун удахгүй монголчуудаараа нээлт хийнэ. Би өөрөө ч бас нугарна, цөм авна аа бүгдээрээ. Шинэ циркээ олон төрлөөр ашиглах боломжтой болгохоор төлөвлөж байна. Спорт, урлаг, "E-Sport" гээд, гадаа талбайг нь залуусын сэтгэлд нэн тааламжтай орчин болгож шийднэ. Жаахан тэвччих, би ч бас тэвчээд гарна аа" гэж бичжээ.
Олон жил циркийг "үгүй" хийж Монголын алдартай циркчид гудамжинд гарсан гэж хэлж болно. Тэгвэл аварга маань циркийн барилгыг шинэчилж байгаа ч цирк хэлбэрээр нь үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх юм байна.