Засгийн газрын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг салбарын сайд нар олон нийтэд танилцууллаа.
Тодруулбал, хотын дарга Х.Нямбаатар "Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэлийн талаар нэгдүгээр орлогч П.Сайнзоригтай хамтран мэдээлэл өгнө. Нийслэлийн есөн дүүргээс Багануур, Багахангай, Налайх алслагдсан дүүрэг. 2014 онд эдгээр дүүрэгт захирагчийн сонгууль явуулж, дагуул хот болгох эхлэлийг тавьж байв.
Харамсалтай нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг шилжүүлэх Үндсэн хуулийн эрх зүйн орчин бүрдээгүй байсан учир захирагч гэдэг албан тушаалтныг нэлээд улс төржилт өндөртэйгөөр сонгож, 2016 оны сонгуулийн дараа татан буулгаж байсан. Аливаа хотод нутаг дэвсгэр, татвар төвлөрүүлэх, хөгжлийн бодлого, төлөвлөлтөө тодорхойлох, өмчөө захиран зарцуулах эрх гэдэг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хадгалагддаг чиг үүргүүдийг тосгон гэдэг байгууллагад шилжүүлэх боломжгүй гэж үзэж, 2019 онд Үндсэн хуульд оруулсан.
Үндсэн хуульд оруулсан энэхүү нэмэлт өөрчлөлтийг амилуулахаар Б.Дэлгэрсайхан сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж байна. Ажлын хэсэгт миний бие болон Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг багтсан. Ерөнхий сайдын зүгээс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэлт хийх хуулийг боловсруулах үүрэг, чиглэлийг авлаа. Ингэснээр Налайх, Багахангай, Багануур дүүрэг дагуул хот байдлаар хөгжих эрх зүйн үндэс бүрдэнэ.Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад Төв аймгийн нутаг дэвсгэр дээр "Шинэ зуун мод" хотын эрхзүйн байдлын хуулийг хамт өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна.
"Шинэ зуун мод" хотод орсон орлогын 20 хувийг Төв аймагт, 80 хувийг Улаанбаатар хотын хөгжилд зарцуулна. 150,000 хүний хотыг байгуулах хуулийг хамт өргөн барина.
Улаанбаатар хот 1960 онд БНМАУ-ын гурав дахь Үндсэн хууль батлагдсаны дараа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэлийг хийсэн. Монгол Улсын нийслэл тухайн үед дөрвөн дүүрэгтэй байхаар шинэчилж байв.
Тэр үед хүн ам нь 150 мянга орчим байсан. Тэр цагаас хойш 30 жилийн дараа 1993 онд Шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа Улаанбаатар хотын шинэчлэлийг хийхэд хүн амын тоо 600 мянгад хүрч, дүүргийн тоог зургаа болгож байсан. Үүний дараа 2024 онд Улаанбаатар хотын бүртгэлтэй хүний тоо 1.7 саяд хүрч, есөн дүүрэг 204 хорооны бүтэц зохион байгуулалттай явж байгаа.
Хотын төв хэсгийн Бага тойруу дотор 86 га талбайд улсын төрийн, нутгийн захиргааны бүх байгууллага төвлөрсөн нь түгжрэлийн гол үндэс болж байна. Энэ багахан газарт хотын таван зүгээс өдөртөө гурван сая зорчих хөдөлгөөн хийж байна. Алслагдсан дүүрэгт эрүүл мэнд, соёл, боловсролын үйлчилгээ харилцан адилгүй байна" гэв.
Хотын даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Цаашдаа нийслэл хотын хүн амын тэлэлт, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгын хүрээнд анхан шатандаа төсөв, эрх мэдэл, хүний нөөцийг шийдэж өгье. Хорооноос иргэд төрийн үйлчилгээ авахаар очиход дээд шатандаа ханддаг нь иргэдийг бухимдуулж байна. Бид нийслэл, дүүргүүдийн Засаг дарга дээр төвлөрсөн эрх мэдлийг хороодод өгч, эрх зүйн шинэчлэлийг Үндсэн хуульд олгосон 2019 оны өөрчлөлтийн хүрээнд дүүргүүдийг хот болгоно. Хот өөрөө зөвлөлтэй байна" гэлээ.