Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
УИХ-ын албан ёсны цахим системд иргэн Н.Номун-Эрдэнээс газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” агуулгатай нийтийн өргөдлийг гаргасныг 100167 иргэн дэмжиж саналаа өгсөн юм. Үүний дагуу УИХ хуулийн төсөл боловсруулж, баталж буй нь энэ.
Ингэснээр Хөрөнгө оруулалтын тухай хуулиас гадаадын хөрөнгө оруулагчид газрыг 100 хүртэл жилээр эзэмшүүлэх, ашиглуулах заалтыг хаслаа. Хууль санаачлагчид уг заалтыг Үндсэн хууль болон газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон харилцааг зохицуулдаг Газрын тухай хуультай зөрчилдөж байна гэж үзсэн юм.
Хамгийн гол нь иргэд гадны хөрөнгө оруулагчид газраа 100 жилээр ашиглуулж эзэмшүүлэхийг эсэргүүцэж энэхүү заалтыг хуулиас хасч өгөхийг хүссэн байсан юм.