Эхнэрээ найман цагийн турш зэрлэг балмадаар зодож хөнөөсөн Казахстан улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг шүүх хурлыг тус улсын иргэд төдийгүй дэлхий нийтээр анхааралтай ажиглаж байна.
Гэр бүлийн хүчирхийллийг төдийлөн нийгмийн сэдэв болгоод байдаггүй Төв Азийн энэ улсад Бишимбаевын өдүүлсэн жигшүүрт хэрэг олон нийтийг энэ төрлийн хэрэгт Эрүүгийн хуулиар ял оноох ёстой гэсэн байр суурин дээр нэгтгээд байгаа юм. Казахстан улсад гэр бүлийн хүчирхийллийн улмаас жилд 80 гаруй эмэгтэй амиа алддаг гэж албан ёсоор бүртгэгддэг ч НҮБ энэ тоог 400-д хүрч магадгүй гэж тооцоолжээ.
Хэргийн тухайд гэвэл Казахстаны зарим хэвлэлийн мэдээлж буйгаар Бишимбаевыг эхнэр Салтанат Нукеновагийн амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэн хоёр сар баривчилсан байна. Тодруулбал, ОРДА агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 9-нд Астана хотын нэгэн рестораны VIP өрөөнд нөхөр нь эхнэрээ зодож амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев гэр бүлийн маргааны үеэр 31 настай эхнэрээ маш хэрцгийгээр зодож хөнөөсөн болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж. Амь хохирогч толгойдоо маш хүнд гэмтэл авсан төдийгүй, нүүр нь хүн танихгүй аргагүй болтлоо зодуулсан нөхцөл байдалтай олдсон байна. Тухайн үед эмнэлгийн тусламж цаг алдалгүй дуудсан бол амь хохирогчийг аврах боломж байсан ч түүний нөхөр болох Куандык Бишимбаев рестораны VIP өрөөнд хэнийг ч оруулаагүй улмаар хэргийн газрын бүх хяналтын камерын бичлэгийг устгаж, эхнэрийнхээ утсыг нуун дарагдуулсан байжээ.