Эрх баригч МАН-ын бүлэг өчигдөр хуралдаагүй, хуралдах учиртай байсан ажлын хэсэг болон байнгын хорооны хуралдаанууд ирц хүрээгүйн улмаас хойшилсон. Учир нь УИХ-дахь МАН-ын бүлгийн гишүүд сонгууль угтаж тойргоо тойглохоор явжээ. УИХ-ын гишүүд ажилдаа ирээгүйн улмаас төрийн ордон эзгүйрч, байнгын хороод ажлын хэсгийн хуралдаанууд хойшлон парламентын үйл ажиллагаа саатахад хүрлээ.
УИХ-ын гишүүдийн үндсэн үүрэг бол хууль санаачлан өргөн барих, батлах юм. Гэтэл үндсэн ажлаа хийхээсээ илүү сонгуулийн ажилдаа эрх баригчид хэт төвлөрөн ажиллаж байна. Учир нь тойрог томорсон нь УИХ-ын гишүүдийг орон нутаг руу гүйдэлтэй болголоо. Өмнө нь зөвхөн өөрийн тойргоо усалж байсан тэд бүсчилсэн тойрогт шилжиснээр бүсэд орсон аймгуудын иргэдэд өөрсдийгөө таниулах хүндхэн үүрэг даалгаврыг авсан. Тасралтгүй 8 жилийн турш төрийн эрх барьсан МАН-ын тухайд энэ удаагийн сонгуульд асуудал ярих эрх байхгүй болсон.
Тиймээс тэд зудад нэрвэгдсэн малчдад тусламж хандив өгөх нэрийдлээр бөөн бөөнөөрөө том тойрогтоо очихоос өөр гарцгүй. Харин тэднийг орон нутагт сонгуульдаа бэлдэж явах хойгуур парламентын хэвийн үйл ажиллагаанд доголдол үүсээд байгааг анзаарах сөхөө ч алга. УИХ-ын хаврын чуулганаар батлах нэн шаардлагатай хуулийн төслүүд хүлээгдсээр байна. Үүнд хөрөнгө оруулалтын хуулиас газартай холбоотой зүйл заалтыг хасах, баялагийн сангийн тухай хуулийн төсөл, УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хуулийн төсөл зэрэг чухал хуулиуд хүлээгдсээр байна.
Уншиж байна |