Нийслэлийн Ардчилсан нам “UB 1460” нэртэй зөвлөгөөнийг энэ сарын 05-ны өдөр зохион байгуулж, ирэх дөрвөн жилийн нийслэлийн төлөвлөлтийг хэлэлцсэн байна. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Миний үед хот 600 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй байсан. Одоо 2.4-3.5 их наяд. Хөрөнгийн хэмжээ тав дахин өссөн. Ингэж төсөв тэлж байхад 2012-2016 онд хийсэн ажлын нэг хувьтай ч тэнцэх ажил хийгээгүйд харамсаж байна. Бидний хийсэн гэр хорооллын дахин төлөвлөлтөөр явсан бол өдийд 20 мянган өрх орон сууцанд орох байв. Энэ бүгдийг улстөржүүлсэнтэй холбоотой ахиц гарсангүй. Ардын намын метро, Ардчилсан намын метро гэж байж болохгүй биз дээ.
2016 онд МАН засаглаж, АН-ын хийсэн бүх ажлыг зогсоосон. Хохирлыг нь Улаанбаатарчууд үүрч байна. Ардчилсан нам ийм л эрүүл сэтгэдэг, рационал. “АН” Японы Засгийн газарт санал тавьсан. Асар их шилжилт хөдөлгөөний үед хот төлөвлөлтийг социалист арга барилаар хийж болохгүй. Дахиад найман жил Улаанбаатар хот унтвал тэсч дийлэхгүй. Гэр хорооллын дахин төлөвлөлт, метро гээд бүгдийг тэд зогсоосон" гэв.
Уншиж байна |