УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаа үндсэндээ эхэлчихээд явж байна. Сонгуульд оролцох намууд өнгөрсөн амралтын өдрүүдээр мөрийн хөтөлбөрөө аудитад өглөө. Шинжүүлж, дүгнэлт гаргуулна. Ингэж мөрийн хөтөлбөрөө батлахаар хуралдсан МАН-ын Бага хурал, АН-ын ҮБХ-ны хурлын явцыг харахад гишүүд нь УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх журамдаа ихээхэн анхаарал хандуулж байгаа нь ажиглагдсан. Ер нь бол том, жижиг аль ч намын хувьд энэ удаагийн сонгуулийн нэр дэвшүүлэх зарчим, үйл явц нэр дэвших хүсэлтэй, хүсэлгүй бүх л гишүүдийнх нь анхаарлын төвд байна.
Яагаад гэхээр энэ удаагийн сонгуулиас эхлээд УИХ маань 126 гишүүнтэй болж байна. Өмнө нь 76 нэр дэвшигчийг жижиг тойргуудад илгээдэг байсан. Харин одоо бүсчилж томсгосон 13 тойрогт 78 нэр дэвшигчийг явуулна. Мөн намын жагсаалтад 48 хүнийг бичнэ. Энэ “тоон үзүүлэлт”-ээр бол намуудаас нэр дэвших боломж гишүүдэд нь арай хүртээмжтэй болж ирээд байгаа юм. Гэхдээ УИХ-ын гишүүдийн тоо өсөж, нэр дэвших боломж тэлэхийн хэрээр горилогчдын тоо тоймоо алдсан. Үүнийг зөвхөн улс төрийн хүрээнийнхэн биш жирийн иргэд ч хараад, мэдээд байна.
СЕХ-ноос гаргасан хуанлийн дагуу бол нэр дэвшигчид тодрох хараахан болоогүй аж. 2024 оны дөрөвдүгээр сарын 26-28-нд намууд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлнэ. СЕХ тав хоногийн дотор “...Танай намыг оролцуулна, эсвэл үгүй” гэдэг хариуг өгнө.
Улмаар 2024 оны тавдугаар сарын 14-20-ны хооронд намууд хэнийг хаана нэр дэвшүүлэхээ, хэн хэнийг жагсаалтад бичихээ шийднэ. Нэр дэвшигчдээ тавдугаар сарын 20 гэхэд тодруулна гэсэн үг. Ингээд намаасаа нэр дэвших эрх авсан хүмүүс гурав хоногийн дотор, тавдугаар сарын 23 гэхэд АТГ-т ХОМ-ээ өгнө. АТГ-аас нэг хоногийн дараа ХОМ-ийн лавлагааг СЕХ-нд хүргүүлнэ. Энэ сацуу намууд нэр дэвшүүлэх ажиллагааныхаа талаарх баримт бичгийг тавдугаар сарын 25-нд СЕХ-нд өгнө. Нэр дэвшигчдээ “танилцуулна” гэсэн үг. Харин СЕХ-ноос зургадугаар сарын 1-ний дотор тухайн нэр дэвшигчээр бүртгэх эсэхээ шийднэ.
Гэсэн ч дээр хэлсэнчлэн “...Сонгуулийн хуанлид зааснаар 2024 оны тавдугаар сарын 20 гэхэд хэн гэдэг 78 хүн 13 тойрогт нэр дэвшиж, хэн хэн гэсэн 48 хүн намынхаа жагсаалтад бичигдэх вэ” гэдэг л нам, намд хамгийн гол асуудал болжээ. Өөрөөр хэлбэл, нэр усаа нэр дэвших 126-гийн нэгт оруулчих гээд үзэж тарж байгаа хүн олон байх шиг байна.
Энэ удаагийн сонгуулийн нэр дэвшилтэд бас нэг “шинэ” өөрчлөлт орсон. Хэдийгээр нэр дэвших боломж “томссон” ч жендэрийн асуудал хүч түрж орж ирсэн. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 30.2-т “…Нам, эвслээс нэр дэвшүүлэхэд 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна” гэж заасан. Энэ нь “...Нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна” гэсэн үг.
Түүнчлэн уг хуулийн 30.6-д “…Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлнэ” гэж заасан. Тэр нь “…Жагсаалтад бичигдэх хүмүүсийг эрэгтэй эмэгтэй, эсвэл эмэгтэй эрэгтэй гэж сөөлжүүлж бич” гэсэн заалт юм.
Зарим нам, тухайлбал МАН тойрогт нэр дэвшүүлэхдээ ч энэхүү “…1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дараалал”-ыг хэрэгжүүлэхээр болж байгаа юм байна лээ. Энэ бүхнээс харахад энэ сонгууль эмэгтэй нэр дэвшигчдэд боломж их олгоно. Шинэ УИХ-д эмэгтэй гишүүд өмнөх сонгуулиудаас илүү олноороо орж ирэх магадлалтай болж байна.
Тэгэхээр, нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.
Лав одоо яригдаж байгаагаар МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийн жагсаалтыг Х.Булгантуяа өнгөлж магадгүй байна. Тэрбээр МАН-ын эмэгтэйчүүдийн холбоо буюу СДМЭХ -г тэргүүлдэг. 2023 оны хоёрдугаар сарын 12-нд энэ холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон. Түүний хувьд БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухааны технологийн их сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн. АНУ-ын Ейлийн их сургуульд Олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэг хамгаалсан. “Бүтээлч шийдлүүд” ХХК-ийн хөрөнгө оруулалтын зөвлөх, Дэлхийн банкны төсөлд Төсөв, төрийн сангийн зөвлөх, “Оюу толгой” ХХК-д Бизнес, стратегийн ахлах зөвлөх, Төслийн менежер, “Петровис” ХХК-д Бизнес хөгжлийн хэлтсийн дарга, МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга, УЗ-ийн гишүүн, Сангийн дэд сайдаар ажиллаж байгаад 2020 оноос УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, улмаар Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга, 2023 оноос ХНХ-ын сайдаар ажиллаж байна.
Харин АН-ынхыг С.Одонтуяа өнгөлж мэдэхээр байна. Тэрбээр өдгөө УИХ-ын дэд даргын албан тушаалтай. УИХ-д хэд хэд сонгогдчихсон. “...АН-аас эмэгтэй лидер олоод ир” гэвэл С.Одонтуяа орж л таарна. Тэрбээр ОХУ-ын Санкт Петербургийн их сургуульд Олон улсын эдийн засагч мэргэжлээр бакалавр, СПИС-д Бизнес удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. АНУ, Япон Улсад макро эдийн засгийн чиглэлээр суралцсан. ШУТМ-ийн төвд мэргэжилтэн, “Сод трейд”, “Лотс Инвест” ХХК-ийн захирал, “Иргэн Та Баялаг” сангийн тэргүүн, Эрүүл мэндийн сайдын зөвлөх, Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. УИХ-д 2012, 2020 онд хоёр удаа сонгогдсон. Лав хоёр том намын эмэгтэй нэр дэвшигчдийн эрэмбэ ингэж эхлэхээр яригдаж байна. Араас нь бичигдэх нэр дэвшигчид ч албан бусаар тодорсоор байгаа бололтой.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 61 (7305)