Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийлээ.
Тэрбээр “2023 оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайдын захирамжаар эрүүл мэндийн салбарын цахимжилт эрчимжүүлэх ажлын хэсгийг байгуулсан. Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам өнгөрсөн хугацаанд хамтарч ажиллалаа. Үүний үр дүнд долоон системийг мэдээлэл солилцох боломжоор нь хангаж, иргэдэд танилцуулахад бэлэн боллоо. Өнөөдрийн байдлаар эмийн жорын мэдээлэл солилцох боломжийг хангаж И-Монголиа систем дээр нэгтгэж орууллаа. Өнгөрсөн хугацаанд эмийн жорыг бичгээр бичдэг. Гаргац муутай бичсэнээс нь болоод буруу эм өгсөн тохиолдол гарч байсан. Мөн цагдаагийн байгууллагад хуурамч эмийн жор үйлдэж, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис авсан хэрэг бүртгэгдэж байна. Эмийн жорыг цахимжуулснаар эдгээр эрсдэл буурна.
Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 30 гаруй мянган эмч, мэргэжилтнүүд өдөр тутамдаа 11 төрлийн программ хангамж ашигладаг. Гэхдээ энэ нь хур системтэй холбогдоогүй байсан. Одоо бол мэдээлэл солилцох боломжтой болсон гэсэн үг. Мөн дүрс оношилгоо дүгнэлтийг оруулж өгсөн. Шинжилгээний хариуг бодит, шуурхай авах боломжийг хангана. Хүүхдийн вакцин, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг цахимжуулна" гэлээ.
Уншиж байна |