"Хаан найргийн хатан Дулмаа" хэмээн алдаршсан эрхэмсэг хатагтай Монгол Улсын ардын уран зохиолч, Шагдарын Дулмаа таалал төгсөж, уран утга зохиол хэмээх том айлд хүнд гарз тохиолоо.
Тэрээр 1934 онд Төв аймгийн Баян суманд төрсөн. Тэртээ 1954 онд МУИС, 1958 онд ЗХУ -ын консмолын төв сургууль, 1967 онд ЗХУКН- ын дээд сургууль төгссөн. "Үүрийн цолмон" "Өглөө" номоороо МЗЭ -ийн шагнал 1970 онд, "Эх орон танаа өргөх дуулал" "Бүсгүй" "Цэргийн эх" шүлгээрээ 1984 онд Д.Нацагдоржийн шагнал, СГЗ цолыг 2007 онд авсан бол Ардын уран зохиолч цолыг 2014 онд авч байжээ.
Олон шүлэг найргийн эзэн түүний “Амьдрал хайр дээр тогтдог”, “Дандаа чамайгаа хайрлаж явъя”, “Хар нүдэн бүсгүй” шүлгүүд нь хит дуу болж, ард түмний дунд хагас зуун жил дуулагдаж, “Алтан зул” дуунд нь гэрэлт хөшөө босгож уран бүтээлийг нь мөнхөлж байлаа. Олон сайхан уран бүтээлээрээ Монголын их утга зохиолын хойморт дэлгэрсэн яруу найрагчийн гэгээн дүр гэрэлт оюуны бүтээл нь ард түмнийхээ сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Уншиж байна |