Төв цэвэрлэх байгууламжийн Лаг дахин боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-г хүлээн авчээ.
Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд хотын Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Лаг хатааж шатаах үйлдвэр 2017 оноос хойш яригдаад яваад байгаа. Маш олон байгууллагатай хамтарч ажиллахаар ярилцсан. Шинэ цэвэрлэх байгууламжийн асуудал яригдсан даа. Тэрнээс хойш яригдсан юм. Өнөөдөр бид бүхэн бодлогын бичиг баримттай болж байна. Одоо байгаа цэвэрлэх байгууламж маань 1964 онд баригдсан. Бид бүхэн лагийг гаднаа гаргаж хатаадаг технологитой байсан.
Цаашдаа лаг хатаах болон шатаах үйлдвэр ашиглалтад оруулаад ирэх юм бол бид гаднаа бохироо асгах гэдэг зүйл байхгүй болно. Энэ лагийг буцаагаад эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Цэвэрлэх байгууламж цахилгаан үйлдвэрлэж болж байгаа юм. Цахилгаан үйлдвэрлэнэ гэхээр тухайн цэвэрлэх байгууламж өөрийгөө болон эргэн тойрныхоо байгууламжийг цахилгааныг хангаад явах бололцоо нь бүрдэнэ гэсэн үг.
Тэгэхээр энэ ТЭЗҮ-г ажил хэрэг болгохын тулд хүн бүхэн хүчин чармайх ёстой. Бид бүхний яриад байдаг бохир үнэр арилна. Евро стандартыг барьж ажлын даалгаврыг гаргаж өгсөн байдаг. Тийм болохоор Солонгосчууд нэлээд эрчимтэй хурдтай хийж өгч бидний ажилд тусалж байгаад баярлаж байна” гэлээ.