УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулган нээгдлээ. Чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр “Энэ чуулган 2020 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын бүрэн эрхийн хугацааны отгон чуулган болж байна. Тэр ч утгаараа төр, ард түмнийхээ итгэлийг хүлээж сонгогдсон УИХ-ын эрхэм гишүүд та бүхний, энэ парламентын хувьд онцгой чухал ач холбогдолтой чуулган байх ёстой.
Өнгөрсөн 4 жилд хэрэгжүүлсэн цогц өөрчлөлт шинэчлэлтээ хэрэгжүүлж дуусгах нь энэ чуулганы зорилт байх болно.
Өнөөдөр түүхийн тохиолоор 30 гаруй жилийн дараа алдаанаасаа суралцсан, гажуудлаа зассан, тогтолцоогоо чамбайруулсан, хөгжлөө түргэтгэн, үндэстнээ хүчирхэгжүүлэн урагшлуулах шинэ 30 жилийг эхлүүлэх түүхэн цаг үеийн гэрч оролцогч нар болон та бид энд сууж байна.
Энэ удаагийн парламент ачааны хүндийг тулж, улс төрийн ширүүнийг туулж, их шинэчлэлийн цөмийг өрж, элдэв гажуудлын мууг нь шингээн давж, парламентын засаглалын суурийг ганхуулалгүй, нийгмийн суурь шинэчлэлийн бат бөх суурийг тавьж чадсан гэдгийг онцлон хэлье.
Чадлаа гэх энгийн үгэнд дотор Монгол Улсын олон суурь асуудал гацаанаас гарсныг хожим түүх хөндөнө гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө улс төрийн эр зориг гаргасан, намчирхал талцлаас илүү ядгуур эрх ашигтаа үнэнч үйлчилж, улсынхаа үсрэнгүй хөгжил, хүчирхэгжилтийн гүн бат суурийг тавихад гар бие, сэтгэлээ зориулсан та бүхэнд гүн талархал илэрхийлж байна.
...Монгол Улс болон хуулийн засаглал, хувь хүний эрх чөлөөт эдийн засгийн тогтолцоог эрхэмлэгч, сонгуулиар төр засгаа эмхлэн бүрдүүлдэг ардчилсан улс. Энэ шинэ замыг сонгосон 30 гаруй жилд бид ардчилсан тогтолцоогоо улам баталгаажуулах, улсаа хөгжүүлэх, шударга нийгмийг төлөвшүүлж, ард нийтээрээ сайхан амьдрахыг зорьсон. Гэхдээ төсөөлснөөс зарим чиглэл өөрөөр эргэж, үр дүн хүссэн хэмжээнд хүрэхгүй өнөөдөрт хүрсэнгүй. Тиймээс өргөснөө шүүн тунгааж, буруугаа засахын тулд тогтолцооны шинэчлэл хийх давалгаа сүүлийн 4-5 жил эрчимжиж байна. Эмх замбараагүй мэт санагдавч энэ бол цэгцрэх хөдөлгөөн гарцаагүй мөн.
...Хэдхэн сарын УИХ-ын сонгууль болно. Бүсчилсэн том тойргуудад улс төрийн өрсөлдөөн өрнөнө. 13 тойргоос 126 гишүүн сонгогдох тоо хэмжүүрийн асуудал биш ирээдүйгээ томоор харж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг амилуулах, улсаа цогцоор нь хөгжүүлэх томоохон реформын эхлэл юм.
Хот хөдөөгийн ялгааг багасгах, эдийн засгийн нөөцийг зохистой хуваарилах, хөгжлийг урт хугацааны төлөвлөлт бодлогоор удирдах, аюулгүй байдлыг баталгаажуулахад энэ шинэчлэл чухал ач холбогдолтой. Тиймээс сонгуулийн бэлтгэлийг сайтар хангаж, холбогдох журам дүрмийг батлан гаргах нь энэ чуулганы бас нэг чухал зорилт байх болно.
...Эрхэм гишүүд ээ, Монголоо гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр нэг Монгол болж нэгдэх, нэг зүгд хамтдаа харах цэгцрэх хөдөлгөөнийг дэмжин түрж, Шинэ сэргэлтийг хамтдаа бүтээхийг уриалъя" гэв.
Үргэлжлүүлэн ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай сонсож байна.
Уншиж байна |