Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 11 аймгийн 50 сум төмөр буюу шилэн зудтай байгаа талаар УОК-оос мэдээлсэн. Ийнхүү өвөлжилт хаваржилт хүндэрсэн нөхцөлд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам төсвийн хөрөнгө, ААН, иргэдийн хандивыг хэрхэн захиран зарцуулсан талаар ШИЛЭН дансны мэдээлэл хүргэе.
Өнгөрсөн хоёрдугаар сард л Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны данс руу Төрийн сангаас 1.9 тэрбум төгрөг, 100 гаруй сая төгрөгийн иргэд ААН-ын хандив, "Хөрс хамгаалал, органик бордооны технологи" төслийн санхүүжилт утгаар мөнгө орсон талаар ШИЛЭН дансандаа мэдээлсэн байна. Нэг үгээр тус яам өнгөрсөн хоёрдугаар сард ХОЁР тэрбум гаруй төгрөгийг захиран зарцуулан гэсэн үг.
Дээрх мөнгийг хэрхэн захиран зарцуулан талаар Шилэн дансны Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын хэсэгт мэдээлсэн байдлыг хүргэе. Таван сая төгрөгөөс дээш нийт 28 гүйлгээ хийсэн байна. Тодруулбал, 18 сая төгрөгийг Төрийн нарийн бичгийн даргын тоот тушаалын шуурхай бүлгийн томилолтын зардалд, Улсын аварга малчин, тариаланчдын шагналд олгох бэлгийн багц, тууз, хувин, мөнгөн аяга, өргөмжлөл, уут зэргийг авахад 300 гаруй сая төгрөг зарцуулжээ.
Мөн Сүхбаатар, Хэнтий аймгийн зургаан малчинд тус бүр 10 сая төгрөг, Х.Болорчулуун сайдын тушаалаар телевизийн өргөн нэвтрүүлэг урьдчилгаанд 12 сая төгрөг, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар 31 сая төгрөгөөр бэлгийн багц гээд нийт 700 гаруй сая төгрөгийн 5 сая төгрөгөөс дээш зарлага гаргаж үүнийгээ ШИЛЭН ДАНСАНДАА мэдээлсэн байна.