Батлан хамгаалах яам өнгөрсөн нэгдүгээр сард Улсын төсвөөс НЭГ тэрбум 347 сая төгрөгийн санхүүжилт авсан талаараа Шилэн дансандаа мэдээлжээ.
Үүнээс 580 гаруй сая төгрөгийг Шилэн дансны цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын хэсэгт мэдээлсэн байна. Тодруулбал, Цэргийн төв эмнэлэг рүү 577 сая төгрөгийг шилжүүлсэн бол 9 сая төгрөгийг алдар цолтой ахмад наснуудад олгосон тухай мэдээлжээ. Гэхдээ Цэргийн төв эмнэлэг энэхүү 577 сая төгрөгийг Шилэн дансны орлого хэсэгт мэдээлээгүй байгаа нь анхаарал татаж байна.
Харин өнгөрсөн хоёрдугаар сард төсвөөс ХОЁР тэрбум 400 сая төгрөгийн санхүүжилт авсан байна. Үүнээс Шилэн дансны цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын хэсэг 490 сая төгрөгийг татаас хэлбэрээр "Зэв" УТҮГ руу шилжүүлсэн талаар мэдээлсэн бол үлдсэн мөнгийг хэрхэн захиран зарцуулсан талаарх мэдээлэл оруулаагүй байна. Мөн энэхүү 490 сая төгрөгийн татаасыг авсан "Зэв" УТҮГ нь "ТӨРИЙН НУУЦ"-д хамаарсан үйл ажиллагаа явуулдаг учир энэ мөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаа талаарх мэдээллийг харах боломжгүй гэсэн үг.
Тус яамны төсвийн ерөнхийлөн захирагч нь Ч.Сайханбаяр юм.