Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар малчдад үзүүлэх дэмжлэгийг эцэслэн шийдвэрлэлээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгөв.
-Улс болон аймаг орон нутгийн төсвийн давсан орлогод зохицуулалт хийж, Тариалан эрхлэлтийг дэмжих санд хадгалагдаж байгаа 10 000 тонн тэжээлийн будааг малчдад үнэ төлбөргүй хүргэх шийдвэрийг гаргалаа. Төмөр зудтай сум бүрт 150 тонн, цагаан зудтай сумдад 75 тонн тэжээлийн будааг хүргэнэ. Нэг айлд 250 кг тэжээлийн будаа ногдох тооцоолол хийлээ.
-Засгийн газраас малчдад хоол хүнсний дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа. Улсын нөөцөөс 5 тэрбум төгрөг гаргаж, 111 сумын 117 000 малчин өрх тус бүрт 10 кг гурил, 5 кг цагаан будаа хүргэхээр боллоо. Энэ ажлыг УОК, ОБЕГ, аймаг, сумдын удирдлага зохион байгуулж, богино хугацаанд хүргэнэ.
-Малчдын зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулахаар шийдвэрлэлээ. Зээлийг хойшлуулахаар арилжааны банкинд хүүгийн хуримтлал үүснэ. Үүнтэй холбогдуулан зээлийн хүүгийн 6 хувийг малчид, үлдсэн хувийг Засгийн газар шийдвэрлэх талаар тогтоол гаргаж, шаардлагатай тохиолдолд УИХ-аар шийдвэр гаргуулахаар боллоо.
Малчдын зээлийн хүү дундажаар 20.5 хувьтай байна. Малчид дундажаар 10 сая төгрөгийн зээлтэй байна. Нийтдээ 1.3 их наяд төгрөгийн зээл байна. Үүнд хуримтлагдах хүүгийн төлбөр нь нийтдээ 280 тэрбум төгрөг болно. Үүнээс 220 тэрбум төгрөгийн зээлийн хүүг Засгийн газар хариуцаж төлөх шийдвэр гаргаж байна
-ХНХ-ын сайдын дэргэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан байдаг. Энэ сангаас олон тооны малаа алдсан малчдад хөнгөлөлттэй зээл олгож, малжуулдаг. Цаашид ч олгоно. Ингэхдээ малаа төрөлжүүлж, эрчимжүүлэн хоршоо хэлбэрээр МАА-г үр ашигтай авч явахад нь дэмжлэг үзүүлэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өгсөн.
-Улсын нөөцөөс 15 тэрбум төгрөг гаргаж, 105 автомашин авахаар боллоо. Ингэхдээ Монголын зах зээлд худалдаалж байгаа машиныг шууд худалдан авч, сумдыг богино хугацаанд машинаар хангах шийдвэрийг гаргалаа. Туулах чадвартай, орон нутагт төрийн үйлчилгээ явуулах боломжтой 3 төрлийн машин авна. Ford ranger, УАЗ фургон, Suzuki jimny загварын машинууд авч, сумдыг машинаар хангана.