Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг Төв цэнгэлдэх хүрээлэнд үүссэн газрын асуудлаар мэдээлэл өгч байна.
Тэрбээр "Оны өмнө ирэх жилийн баяр наадмаа хэрхэн зохион байгуулах вэ? Цэнгэлдэх хүрээлэнгээ хэрхэн тохижуулах вэ? гэх асуудал яригдаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Цэнгэлдэх хүрээлэнгийн өмчийн харилцааны асуудалд алдагдсан баримтууд гарч ирсэн. 51 хувь эзэмшигч Т.Нямдаваа гэж хүн бүх ашгаа авч, ачаагаа нийслэлээр үүрүүлж ирсэн байна.
Бид тойрч харлаа. Төв цэнгэлдэхийн баруун талд "Мөнхсан" гээд барилгын компани байшин барих гэж байна. Энэ "Мөнхсан" гэдэг компани нь Цэнгэлдэх хүрээлэнгийг газрын 51 хувийг эзэмшигч Т.Нямдаваа гэдэг хүний хүү Н.Булганбаатарынх юм байна. Газрын эзэмшлийн зориулалт нь орон сууц гэж гарсан ч одоо үйлчилгээний зориулалттай хийе, баар хийе гэж байна. Үүнийг би авилга хороолол гэдэг шиг ШУНАЛ хороолол гэж нэрлэмээр байна. Энэ барилгын ажлыг зогсоох шаардлага тавина.
Т.Нямдаваа гэх хүн ирж уулзах юм бол бид нийслэлийн өмчийн хувийг нэмэх асуудлыг тавина. Хэрэв ирж уулзахгүй бол шүүхийн журмаар асуудлыг шийдвэрлүүлнэ. Төв цэнгэлдэх хүрээлэнг эзэмшиж буй компанийн эзэмшилд 38 га газар байсан ч нийслэл цөөнх буюу 49 хувийн оролцоотой болсноос хойш жижиглэж, зарсаар 29 хэсэг салж, одоо “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн эзэмшдэг газар гурав дахин багасаж, 12.6 га газар болсон байна. Тодруулбал, хаанаас, хэнийх гэдэг нь үл мэдэгдэх жижиг байшин бариад түүнийгээ 1-2 жил болгож, Төв цэнгэлдэх хүрээлэнд хамааралтай мэт хүмүүсийн нүдэнд дасгаж байгаад өнөөхөө буулгаж, өндөр барилга барих зарчмаар газруудаа зардаг байгаа юм. Ингэхдээ холбогдох мэргэжлийн байгууллагуудаас огт зөвшөөрөл авдаггүй. Гэвч нийслэлээс жил бүр төсөв гаргаж, урсгал засвар, тохижилтыг хийдэг бөгөөд 2008 оноос хойш нийт 4.6 тэрбум төгрөг зарцуулаад буй. Энэ төсөв хувь эзэмшилд тооцогдоогүй. Ашгаа өөрсдөө аваад, ачааг нь нийслэл үүрээд яваад байж болохгүй " гэлээ
1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлж байсан түүхтэй. Харин 2003 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Гэвч хамтарсан компани хэрнээ өдийг хүртэл санхүүгийн мэдээллээ тайлагнахгүй, ногдол ашиг өгөхгүй, хууль зөрчиж байгаа аж.