Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн тухай ойлголт, түүний зарчим, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй асуудлын талаар ГЕГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Доктор Д.Цэндсүрэнгээс тодрууллаа.
Худалдааг хөнгөвчлөх” хэлэлцээрийн талаар товч тайлбарлаж өгөхгүй юу?
Олон улсын худалдаа нь улс орны эдийн засгийн хөгжилд чухал байр суурь эзэлдэг. “Худалдааг яагаад хөнгөвчлөх ёстой вэ?, хэрхэн хөнгөвчлөх вэ?” гэдэг асуудал олон зуун жилийн турш дэлхийн улс орнуудын анхаарал хандуулсан асуудлын нэг байсаар ирсэн. Худалдааг хөнгөвчлөх нь “Ил тод байдал, хялбаршуулсан, уялдуулсан, стандартчилсан” гэсэн үндсэн 4 зарчимд тулгуурлана.
Энэ асуудлыг Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт дэлгэрэнгүй байдлаар тусгасан. ДХБ-ын Гишүүн орнуудын гуравны хоёр нь тус хэлэлцээрт нэгдэн орсноор 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс хэлэлцээр хэрэгжих болж, нэгдэн орсон гишүүн орнуудын хувьд олон улсын худалдааг хөнгөвчлөх хэрэгцээ шаардлага бий болсон гэж үздэг.
Гадаад худалдааны барааны нийлүүлэх сүлжээ олон оролцогчтой. Эдгээр оролцогч талуудын үйл ажиллагааг яаж уялдуулж, хэрхэн энгийнээр, яаж стандартчилах вэ? гэдэг асуудлууд нь энэхүү худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн эхний хэсгийн 12 зүйлд 36 арга хэмжээ болон тусгагдсан байдаг.
Энэ удаа худалдааг хөнгөвчлөх 4 зарчмын эхнийхийг товч тайлбарлая. Ил тод байдал гэсэн ойлголтод юу хамаарах вэ?
Дээр дурдсан худалдааг хөнгөвчлөх 4 үндсэн зарчмын нэг болох “Ил тод байдал” маш чухал. “Ил тод байдал”-ыг хэрхэн хэмжих вэ? гэдгийг хэлэлцээрт тусгасан. Өөрөөр хэлбэл, импорт, экспорт, транзит үйл ажиллагааны ил тод байдал.
Нэн тэргүүнд Импорт, экспорт, транзиттай холбоотой дүрэм журмыг хэрхэн нийтлэх асуудлыг тусгасан. Тухайн улс гадаад худалдаатай холбоотой дүрэм, журмыг хэвлэн нийтлэх. Тухайлбал, импорт, экспортын үйл ажиллагааг ямар агентлаг, ямар төрлийн хууль тогтоомжийн хүрээнд зохицуулдаг, тарифын болон тарифын бус хязгаарлалт гэх мэт гадаад худалдааны үйл ажиллагааг зохицуулсан бүх асуудлууд тавигдана.
Ил тод байдал нь эхлээд цаасан хэлбэрээр хэвлэн нийтлээд, дараа нь цахим хэлбэрээр, мөн лавлах цэгээр түгээнэ.
Дэлхийн хэмжээнд олон улсын худалдаанд олон орон, эдийн засгийн бүс нутаг оролцдог. Иймд худалдааны үйл ажиллагааг нээлттэй явуулах хэрэгцээ шаардлага бий болно.
Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн Нэгдүгээр зүйл. Хэвлэн нийтлэх арга хэмжээ нь “цаасаар, цахимаар болон лавлах цэгээр, хаанаас мэдээлэл авах боломжтойг түгээх”-ийг зохицуулсан.
Худалдааг хөнгөвчлөх чиглэлээр цаашид хийхээр төлөвлөж байгаа ямар ажил байна вэ?
Хил дээр бүгдийг шалгадаг уламжлалт үйл ажиллагаа ард хоцорсон. “Хилээр нэвтрэхээс өмнө, хил дээр, хилээр нэвтэрсний дараа” шалгаж болно.
Бараа илгээгч улсын нутаг дэвсгэрээс ачигдсаны дараа гаалийн байгууллагад урьдчилан мэдүүлэх боломжтой.
Түүнчлэн Итгэлцэл маш чухал. Аль болох бид худалдааг тасралтгүй, саадгүй явуулахын тулд хил дээр бүгдийг шалгахгүйгээр, бүрдүүлэлтийн дараах шатанд 5 жилийн дотор шалгах боломжтой байдаг.
Энэ нь Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрээс гадна Дэлхийн гаалийн байгууллагын “Дэлхийн худалдааг аюулгүй байлгах, хөнгөвчлөх багц стандарт”, “Гаалийн горимыг хялбаршуулах, уялдуулах тухай шинэчлэн найруулсан Киотогийн конвенци”-д тусгагдсан. Эдгээр баримт бичигт эрсдэлийн удирдлагад суурилсан гаалийн хяналтыг хэрэгжүүлэх гол үндсэн зарчмыг тодорхойлсон.
Хил дээр шалгаагүй бол дараа нь 5 жилийн дотор бүрдүүлэлтийн дараах шалгалтаар чөлөөт эргэлтэд орсон бараанд шалгалт хийх боломжтой юм.
Аж ахуй нэгж, байгууллагын гадаад худалдаанд оролцоход хамгийн хүндрэлтэй асуудлуудын нэг нь Барааг тодорхойлж, кодлох асуудал. Гадаад худалдаа эрхлэгчид Барааны ангиллын кодыг тодорхойлох хүсэлтийг гаалийн байгууллагад ирүүлж, мэргэжлийн туслалцаа авах боломжтой. Тарифын ангиллыг урьдчилан тодорхойлуулснаар бараанд ногдуулах импортын барааны гаалийн тариф нь “Ердийн, нэн тааламжтай, эсхүл хөнгөлөлттэй” эсэхийг мэдэх боломжийг хэлэлцээр олгосон.