Энэ зуны УИХ-ын сонгуулийн “дүрэм” нь тодорхой ч улстөрчид, улс төрийн хүчнүүд зүг чигээ нэг л олохгүй л явна. “...Ямар ч л байсан нэр дэвшинэ. Тойрогт уу, жагсаалтад уу гэдгээ мэдэхгүй” гэх улстөрчид цөөнгүй байна. Ер нь л бүх намд ийм ойлгомжгүй байдал үүсээд байгаа бололтой. Тэр дундаа “...Монголын улс төрийн хоёр баганын нэг” гэгддэг АН-ынхан илүү бужигнаантай байна. Хамгийн сүүлд л гэхэд “...АН талынх гэгддэг нэгэн том компанийн төлөөлөл, басхүү ирэх сонгуульд горилогч нэгэн намын даргаасаа жагсаалтын эрх мэдэл хүсэж 12 тэрбумыг амласан” гэх жинхэнэ “тамхины цэг”-ийн мэдээлэл өчигдрөөс улс төрийн хүрээнд талын түймэр шиг яригдаж эхэллээ. Өнгөрсөн жил жижиг намууд дээр жагсаалтын “худалдан авалт”-тай холбоотой мэдээлэл яригдаж байсан. Тэгвэл энэ явдал АН-д халдаад, нам даяар нь яригдаад эхэлж байгаа бололтой.
Түүнээс гадна, 2024 оны сонгуулийг олон нийт тухайн намын тойрогт нэр дэвших болоод жагсаалтад бичигдэх хүмүүсийг нь илүү харна. Ийм шинж байдал байгааг ажиглагчид эртнээс хэлсэн. Гэхдээ “...Үүнээс илүүгээр намуудын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүн хэн байх вэ гэдэг чухал” гэж бас яригдаж байна.
Тэр утгаараа намууд, тэр дундаа МАН, АН-д хэн илүү жин дарж байгааг улс төрийн хүрээнийхэн хараад эхэлжээ. Лав АН-ын тухайд мөрийн хөтөлбөрийг нэг нь боловсруулж, нөгөө нь “...Тэрийг хэрэгжүүлнэ, Ерөнхий сайд болно” гээд гараад ирэх магадлалтайг хэлж байна. Өөрөөр хэлбэл, мэдээж хэрэг АН-ын даргын мэдэлд Улс төрийн зөвлөл зэрэг сонгуулийн мөрийн хөтөлбөрийг “зохиох” эрх бүхий субьектууд нь бий. Гэвч Нийслэлийн АН-ын хороо, Ардчилсан Залуучуудын холбоо, Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбоо, аймаг дүүргийн АН-ын хороодын нэлээд нь гээд тус намын бүтцийн бараг 70 хувь нь хуучны МоАх суурь дээрх улс төрийн “нэгдэл”-ийн хяналтад ороод байна. Өнгөрсөн 2023 онд болсон АН-ын дотоод сонгуулийг Х.Баттулга нар “түүчихсэн” юм. Нэг үгээр хэлбэл, Х.Баттулга, З.Энхболд, С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарын толгойтой энэ улс төрийн фракц гэх үү, холбоо гэх үү, эдгээр хүмүүсийн нөлөөнд нэр дэвшигчдийн бараг 70 хувь нь байх төлөвтэй болж байгаа хэрэг.
Хамгийн гол нь энэ хүчний харьцаа АН-ын дарга Лу.Гантөмөрт маш халтай. Тэрбээр “..Сонгууль нэгэнт тулсан” гээд тайвширсан байх талтай. Гэхдээ сонгууль удахгүй, ердөө дөрвөн сар гаруйхны дараа нэг тийш болно. Хэрэв АН ялчихвал яах вэ. Намаа ялуулсан Лу.Гантөмөрт Ерөнхий сайдад нэр дэвших боломж олдох уу. Уг нь зарчмын хувьд тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулсан, басхүү АН-ын Үндсэн дүрмийн дагуу Ерөнхий сайдад нэр дэвших боломжтой юм. Гэвч АН дахь хүчний харьцааны 60-70 хувь нь МоАХ буюу Х.Баттулгын талд байна. Энэ нь АН-ын даргын хувьд маш ноцтой. Яагаад гэвэл, хэрвээ АН ялбал Х.Баттулга Ерөнхий сайд болох “нигуур”-тай болчихоод байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 36 (7280)
Б.ГАРЬД