УОК-оос хаваржилт, зудын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2024.02.22/ мэдээлэл хийлээ.
Шадар сайд С.Амарсайхан “Засгийн газрын шийдвэрээр 2024.02.15-наас өндөржүүлсэн бэлэн байдлын улбар шар түвшинд шилжиж, УОК, орон нутгийн холбогдох байгууллагууд 24 цагийн байнгын ажиллагаатай ажиллаж байна.
Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, хөр цастай байна. Өнөөдрийн байдлаар 192 сумын нөхцөл байдал өдөр ирэх тусам хүндэрч байна. 23 суманд төмөр буюу шилэн зудтай, 90 суманд цагаан зудтай байна. Тиймээс Засгийн газар гурван үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Улсын нөөцөөс 6000 тонн өвс тэжээл гаргаж, малчдад хүргэж байна.
Орон нутгийн нөөцөөс 20 000 тонн өвс тэжээл нийлүүлж байна. Мөн 10 000 тонн тэжээлийн улаан буудайг аймгуудад хүргэж байна.
Малчдад шаардлагатай зүйлсийг хүргэж, нэмэлт арга хэмжээ зохион байгуулна.
Засгийн газрын зургаан шуурхай бүлэг эрүүл мэнд, өвс тэжээл, хоол хүнс, хувцас хэрэглэл, техник хэрэгсэл, явуулын мал эмнэлгийн тусламж үйлчилгээг малчдад хүргэж байна.
Өнөөдрийн байдлаар 54 000 км зам харуйг гаргаад байна. Төрийн цэргийн болон зэвсэгт хүчин, хилийн цэргийн 1800 алба хаагч 140 гаруй техник хэрэгсэлтэйгээр аймаг, сумдад ажиллаж байна.
Цаашид цасанд дарагдсан хашаа хороог цэвэрлэх ажлыг бүх нутгуудад хийнэ. Өнөөдрийн байдлаар энэ чиглэлээр 480 гаруй машин техник ажиллаж байна" гэсэн мэдээллийг өглөө.