Өнгөрсөн хугацаанд элдэв хулгай луйварт нэр холбогдож, сонгогч түмэндээ очих нүүргүй болоод байсан улстөрчдөд зуд зулаг болов. Тэд зудыг далимдуулж, малчин ардыг зусардаж явна.
УИХ-ын ээлжит сонгууль дөрөвхөн сарын дараа болно. Энэ удаагийн сонгууль бүсчилсэн тойргоос 126 гишүүн сонгогдоно. Өмнө нь зөвхөн Говь-Алтай аймгийн иргэдийн саналаар гишүүн болдог байсан бол энэ удаа Завхан, Увс, Ховд гэхчлэнгээр баруун бүсийн иргэдэд царайгаа харуулж, нэрээ цээжлүүлэх учиртай. Тиймдээ ч улстөрчид аймаг дамнан, малчдыг дэмжиж туслах нэрээр сонгуулийн сурталчилгаа хийж явна.
Сонгуулийн хуулиар сонгогчдын саналыг худалдаж авах хориотой. Өөрөөр хэлбэл, гурил будаа, малын тэжээл, хивэг тарааж болохгүй. Хуулинд хоригдож байсан улстөрчдөд Монгол орныг хамарсан зуд турхан сайхан шалтаг болов. Цагаан сараар нэрээ бичсэн аяга таваг тарааж чадаагүй тэд зуднаар өвс, тэжээл хүргэсэн нэрээр сонгуульдаа бэлтгэж байна. Зуд болоход нохой зоолж, зовлон учрахад лам баяждаг хойно доо.
Улстөрчид үнэхээр малчдыг өрөвдөж, хайрлаж байгаа гэж үү? Тэд малчдад туслахын тулд л хүйтнийг үл ажран, цас ухан байж, зүтгэж очиж байгаа гэж үү? Сонгуулийн бус жилүүдэд ингэж очсон бол улстөрчдийн энэ зүтгэлийг сэтгэл хэмээн хүлээн авч, талархах байлаа. Баярласандаа бараг уйлмаар.
Гэхдээ яана аа, дөрөвхөн сарын дараа болох сонгуулийн чимээ ард түмэнд чин сэтгэлийн мэдрэмж үлдээхгүй л болов уу. Сонгуулиар очиж, саналыг нь аваад сураггүй болсон гишүүнийхээ барааг зуднаар харах малчдад тааламжтай санагдахгүй.
Зуд болж, малчид туйлдаж, мал үхэж байна. Гэтэл малчны хотод мал мэдэхгүй, хүн эмчилж чадахгүй улстөрчид очиж байна. Бүр зурагчин, зураглаач дагуулчихсан. Үүнийг сонгууль угтсан, санал авах зусардлага гэхээс өөр тайлбар байна уу.
Угаас манай улстөрчид сонгогч түмний төлөө гэсэн сэтгэл зүтгэлийг зөвхөн сонгуулиар л гаргадаг. Иргэдийн саналыг авахын тулд тэд сүнсээ ч худалдахад бэлэн явдаг нь бодит үнэн. Тэд зуднаар ч сонгууль бодож, санал авахын төлөө яваа нь нууц биш. Зуд ч тэдэнд зусардах сайхан шалтгаан боллоо.
Цаг уурын байгууллагаас цаг агаарын нөхцөл байдлыг мэдээлж, хүндрэхийг сануулсаар байсан. Өнөөдрийн нөхцөл байдал гэнэт үүсээгүй. Бэлдэх, урьдчилан сэргийлэх боломж, цаг хугацаа ч байсан. Төр, засаг хөдлөөгүй, улстөрчид тоогоогүй атал өнөөдөр бужигнаж, малчдад хайртай болсон нь зуд болохыг хүлээж байсан мэт. Үнэндээ цас зуданд ядарч байгаа малчдад улстөрчдийн зусар үг, зулгүй царай огт хэрэггүй.
Б.Хэрлэн