НҮБ-ын Хар тамхитай тэмцэх албанаас гаргасан тайланд Монгол Улсыг 2010 онд хар тамхийг дамжин өнгөрүүлэх орон хэмээн тэмдэглэсэн байдаг. Харин 2014 онд хэрэглэгч орон болгож бүртгэсэн. Иймээс цагаан тахал хар тамхитай тэмцэх ажлыг эрчимжүүлэх шаардлага үүсээд байна. Энэ асуудлаар УИХ-ын дэд дарга С.Одонтуяатай ярилцлаа.
-Таны хувьд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, худалдаа, тээвэрлэлтийг зогсоох, хязгаарлах асуудлыг хөндөж, хуулийн төсөл санаачлах талаар санал санаачлага гарган энэ асуудлаар УИХ-ын гишүүдээ манайлан ажиллаж буй. Хуулийн төсөл санаачлан боловсруулах ажил үргэлжилж байгаа юу?
-Сүүлийн жилүүдэд нийгмийн багагүй хэсгийн сэтгэлийг түгшээсэн асуудлын нэг хар тамхи болж байна. Монгол улсад хар тамхины хэрэглээ маш ноцтой түвшинд байна. Миний бие хууль санаачлах эрхийнхээ хүрээнд Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, худалдаа, тээвэрлэлтийг зогсоох, хязгаарлах үр дүнтэй хууль санаачлахаар сүүлийн зургаан сар гаруй хугацаанд ажиллаж байна.
Энэ асуудлаар сэтгэл зовнин явдаг иргэн бүр, эцэг эхчүүд, энэ чиглэлээр мэргэшсэн судлаачид гээд маш олон хүмүүс ирж уулзаж байна.
МОНГОЛ УЛС хар тамхийг дамжин өнгөрүүлэх эрсдэлтэй улсын жагсаалтад бичигдэж байснаа 2014 ОНООС ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭГЧИД ИХСЭЖ БУЙ ОРНЫ тоонд орох болсон гэдэг хамгийн түгшүүртэй мэдээ байна. Манай хоёр хөрш хар тамхи, тэр дундаа нийлэг хар тамхины үйлдвэрлэл, хэрэглээ өндөртэй улсуудад тооцогддог бөгөөд нөлөөлөл нь монгол улсад хэдийнээ илэрч буй. Галт тэрэг, автомашинаар, агаараар хил дамнан зорчигчид хар тамхи тээвэрлэх тохиолдол олон гарсан. Гэтэл сүүлийн жилүүдэд хар тамхийг шуудангийн илгээмжээр Монгол улсад нэвтрүүлэх оролдлогууд ихсэв. Хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хар тамхины 40 хувийг газрын боомтоор, 4 хувийг агаарын боомтоор, 56 хувийг илгээмжийн үйлчилгээ ашигласан гэдгээс ямар эрсдэлт нөхцөл үүсээд байгааг ойлгож болох байх. Энэ оны 3 дугаар сард 945 грамм хэмжээтэй мансууруулах бодисыг шуудангийн илгээмжээр хилээр нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлж, таслан зогсоосон нь хамгийн их хэмжээтэй гэж тооцогдож байгаа юм.
Метамфетамин (хэрэглээний нэршил нь мөс) зэрэг химийн аргаар нийлэгжүүлж гаргаж авсан МАНСУУРАХ ТӨРЛИЙН БОДИСЫГ ТЭЭВЭРЛЭХ, БОРЛУУЛАХ ГЭМТ ХЭРЭГ ИЛТЭД ӨСӨЖ БАЙНА. Химийн аргаар гаргаж авсан мансууруулах бодис нь хямд, хурдан, гүн үйлчилгээтэй учир хэрэглэгчдийг хүчтэй татаж, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулдаг ажээ. Шинэ төрлийн нийлэг мансууруулах бодисын үйлдвэрлэл, хэрэглээ ихсэж, энэ төрлийн гэмт хэрэг жил ирэх олноор бүртгэгдсээр байгаа юм. Хөршүүдээс гадна Турк улсаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг манай улс руу нэвтрүүлэх оролдлого нэмэгдэж байна.
Нөхцөл байдал сэтгэл түгшээх хэмжээнд хүрсэн учраас хуулийн зохицуулалтыг илүү боловсронгуй, орчин цагийн шаардлагад нийцүүлэхээс гадна төсөв хөрөнгийг зайлшгүй яаралтай шийдэх хэрэгтэй байна.
-Саяхныг хүртэл Монголчууд хар тамхины тухай гадаадын кино, нэвтрүүлгүүдээс л хардаг байсан. Харин өнөөдөр тахал шиг л тархаж байна?
-Санаанд оромгүй олон тоо баримтууд гарч байна. Сүүлийн таван жилд хар тамхитай холбоотой 1064 гэмт хэрэгт 1300 хүн холбогджээ. Тэдний 92.3 хувь нь 35-аас доош насныхан байна. Гэмт хэрэгт шийтгэгдсэн хүмүүсийн 54 хувь 25-аас доош насныхан байна. 91 хувь нь эрэгтэй, 8.9 хувь нь эмэгтэй байна. Жил ирэх тусам энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийн нас залуужиж байгаа нь тодорхой болсон. 13 настай охин хар тамхи хэрэглэсний улмаас байцаагдаж, шалгуулсан харамсалтай асуудал ч гарсан байна.
Хүүхдүүд мансуурах бодист татагдах, донтох шалтгааны талаар холбогдох албаныхны хийсэн судлагаанаас үзэхэд их төлөв сониуч зангаасаа болсон, хор хөнөөлийнх нь талаар ойлголтгүйгээс болсон байх ажээ. Цагдаагийн байгууллагад шалгуулсан 10 хүүхэд тутмын 7 нь хар тамхи хэрэглэх нь гэмт хэрэг, ийм хэрэг үйлдсэн тохиолдолд хатуу ял оноодог болохыг мэддэггүй байх жишээтэй. 10 хүүхэд тутмын 4 нь найзуудаа даган дуурайж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн гэж мэдүүлдэг. “Компьютер тоглоомын газар тоглож буй 11 хүүхдийн дунд хар тамхи хэрэглэсэн этгээд байж болзошгүй" гэсэн дуудлагаар очиж шалган 10 хүүхдээс биологийн дээж авч шинжлэхэд бүгд хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байна.
-Цаад шалтгааны талаар мэргэжилтнүүдийн тайлбарыг сонсов уу?
-Мансууралд өртсөн хүүхдүүдийн гэр бүлийн байдал, амьдралын нөхцлийг нягталж үзэхэд эцэг эх нь салсан, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өнчин, бага насандаа дам архидалт дунд өссөн хүүхдүүд дийлэнх нь байдаг гэнэ. Тогтвортой, бүтэн гэр бүлд, хүчирхийллээс ангид, эрүүл хэвийн орчинд өссөн хүүхдүүд дунд хар тамхины хэрэглээ тун бага ажиглагджээ.Энэ бүхнээс харахад хар тамхинд донтох нь нийгмийн шинж чанартай үзэгдэл.
Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлөхүйц том эрсдэл нь хар тамхины хэрэглээ монгол хүний удмын сан, генд сөрөг нөлөө, гажуудал учруулах аюул юм. Энэ аюул бодитоор илэрсэн жишээ бий. Саяхан нэг эмэгтэй төрөх тасагт хүүхдээ төрүүлжээ. Гэтэл нярай зогсоо зайгүй уйлаад болихгүй байж. Эх баригч эмч, сувилагч нар шалтгааныг нь олж чадахгүй сандарч байтал туршлагатай эмч ээжид нь хэдэн асуулт тавьснаар эх нь хар тамхи байнга хэрэглэдэг болох нь тодорчээ. Нярай хүүхэд эхийн хүйнээс салаад хар тамхины тэжээлээс салсан учир хэрэглээгээ нэхэж, уйлж байсан нь тогтоогдсон. Мансууруулах бодисын нөлөө урагт хүртэл нөлөөлдгийг энэ тохиолдол харуулж байна. Мөн 2030 он гэхэд орлогын түвшин бага, хөгжил буурай болон хөгжиж буй улс орнуудын МАНСУУРУУЛАХ БОДИС, СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ БОДИСЫН ХЭРЭГЛЭГЧ 43 ХУВИАР, ӨСӨХ хандлагатайг мэдээлсэн.
-Үнэхээр харанга дэлдэх судалгаа байна. Энэ өсөлтийг хязгаарлах боломж байгаа юу?
-Боломж бий. Монгол Улс бол үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон гэгдэж байгаа. Иймээс хилээр хар тамхийг нэвтрүүлэхгүй байх тал дээр онцгой ач холбогдол өгч, анхаарал хандуулж ажиллах ёстой. Гэтэл нөгөө л төсөв хөрөнгө, бүтэц орон тооны асуудал хөндөгдөж байна. Ирээдүйн үр хүүхэд, удмын сан, үндэсний аюулгүй байдлаа бодож байгаа хүн бүрийн хувьд тэр тусмаа эрх баригчдын хувьд энэ асуудалд онцгой анхаарах ёстой.
-Олон улсад энэ төрлийн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байна. Туршлагуудыг нь судалж үзсэн үү?
-1990 оны эхээр БНСУ-ын Прокуророос Хар тамхины эсрэг дайн зарласан бөгөөд хар тамхины нууц сүлжээг илрүүлэх тэмцлийг хүчтэй эхлүүлсэн байдаг. Улмаар БНСУ-н Метамфетамин(хируббун, филопон, мөс, ice гэж дуудах нь бий) үйлдвэрлэгчид Хятад болон Зүүн өмнөд азийн орнууд руу зугтан гарсан. Түүнээс хойш Солонгосын дотоодод Метамфетамин зэргийг багтаасан мансууруулах бодисын үйлдвэрлэл явуулсан зөрчил бараг илрээгүй буюу бүх төрлийн мансууруулах бодисууд нууцаар хил даван орж ирсэн байдаг.
Гэвч сүүлийн үед Интернэтээр хангагдаж буй мэдээллүүдийг ашиглан эмийн бүтээгдэхүүнийг түүхий эдээр ашиглан Мансууруулах бодис шинээр үйлдвэрлэх гэсэн оролдлогууд илэрч эхэлсэн байна.
Солонгос улс Мансууруулах бодисын тухай хуулиараа нийт 423 төрлийн бодисыг хориглосон байдаг. Үүний 337 төрөл нь Хар тамхины жагсаалтаар, 86 төрөл нь Хар тамхины түр жагсаалтаар тус тус хориглогдсон байдаг юм билээ.
П.ГОО