Төрийн банк АТМ, ПОС, дугаар тараагч, киоскны цаас нийлүүлэх тендер зарлажээ. Тендерийн төсөвт өртөг 448 сая төгрөг байна. Санхүүжилтын эх үүсвэр нь урсгал төсвийн хөрөнгө байх юм.
Тус банк нь 2024 оны төсвийн жилд нийт 237 төрлийн худалдан авалт хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, АТМ нийлүүлэхэд 2.7 тэрбум төгрөг, сторейж нийлүүлэхэд 2.6 тэрбум төгрөг, сервер компьютер нийлүүлэхэд 1.7 тэрбум, ПОС төхөөрөмж нийлүүлэхэд 2.4 тэрбум, тавилга авахад 1.1 тэрбум төгрөг зарцуулахаар жагсаалт гаргаж ШИЛЭН дансандаа мэдээлсэн байна.
Мөн 2024 оны төсвийн жилд хийгдэх худалдан авалтуудаас анхаарал татаж байгаа нь 1.5 тэрбум төгрөгөөр салбар, тооцооны төвүүдэд шаардлагатай суудлын цахилгаан автомашин авах төлөвлөгөө юм. Мөн 360 сая төгрөгөөр хагас ачааны автомашин, 570 сая төгрөгөөр ажилчдын автобус худалдан авах аж.
Сонирхуулахад, тус банкны сарын зарлагын гүйлгээний ихэнх нь түрээсийн төлбөр байна. Өнгөрсөн сард л гэхэд 40 орчим гүйлгээг түрээсийн төлбөр гэсэн утгаар хийсэн байна. Оны эхний сард 300 орчим сая төгрөгийг түрээсийн төлбөрт шилжүүлсэн гэсэн үг юм.
Уншиж байна |