Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд өнөөдөр /2024.02.05/ мэдээлэл хийж, ҮАБЗ-д хандаж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр “Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар монгол хүн мөн үү, биш үү. Увс аймгийн ард түмний сонголтоор 16 жил Монголын бүх том албан тушаалд ажиллалаа. Таван удаа сайд хийж, 16 жил УИХ-ын гишүүнээр ажиллахдаа энэ хүн Увс аймагт ганц үйлдвэрийн шав тавьсангүй. Энэ хүнд Монгол Улсыг, баруун таван аймгийг хөгжүүлэх эрхзүйн чадамж байхгүй. Гадаадын хөрөнгө оруулалтын хууль гэдэг нэрийн дор Монгол Улсын нутаг дэвсгэрийг гадныханд найр тавьж өгөх бусармаг үйл ажиллагаа хийж байгааг нь Увс аймгийн ИТХ-ын даргын хувьд эсэргүүцэж байна. Энэ үүднээс ҮАБЗ-д хандаж байна.
Увс аймагт байгаа баяд, дөрвөд, хотон угсаатнуудыг хооронд нь талцуулж, маргалдуулж дундаас нь ашиг олдог байдал хэрээс хэтэрлээ. Хөрөнгө оруулалт нэртэй төсөв хөрөнгө орж ирэхээр дандаа өөрийнхөө хамаарал бүхий хүмүүсээрээ дамжуулж, сонгуульд ашиглаж, төрийн мөнгө угаадаг хүн боллоо. Энэ байдал даамжирвал улсын хэмжээний асуудал болно шүү. Монгол Улсын ҮАБ-д хамгийн их хохирол учруулах нөхцөл байдлыг Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар гэдэг хүн зохион байгуулж байна. Тиймээс энэ хүний бүрэн эрхийг хязгаарлаж, шалгахгүй бол маш аюултай нөхцөл байдал үүсээд байна” хэмээн ҮАБЗ-д хандаж буйгаа мэдэгдэв.
Мөн тэрбээр Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулганд ихээхэн ач холбогдол өгч, нутгийн хөгжлийн төлөвлөгөө, бусад аймгуудтай хэрхэн хамтран ажиллах талаар танилцуулга бэлдэж ирсэн ч тухайн арга хэмжээг зохион байгуулсан Эдийн засгийн хөгжлийн яам гадуурхсан гэдгийг хэлж байна. Завхан, Ховд, Баян-Өлгий аймгийн удирдлагуудын хөгжлийн бодлогыг сонссон ч Говь-Алтай, Увс аймгийн удирдлагуудын бүсчилсэн хөгжлийн мэдээллийг аваагүйг тэрбээр хэллээ.
ИТХ-ын дарга Ц.Батболд “Манай аймгийн ИТХ 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр аль ч улс төрийн хүчин олонх болоогүй. АН, МАН, бие даагчаас бүрдсэн ИТХ бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Миний хувьд бие даан сонгогдож, аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байна. Энэ хугацаанд Засгийн газрын “Шинэ Сэргэлтийн бодлого” “Алсын Хараа-2050” хөтөлбөртөө нийцүүлэн Увс аймгийг 2021-2024 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны чиглэлийг баталж, амжилттай хэрэгжүүлж байна. Ингэхдээ орон нутгаас сонгогдсон гишүүдтэй хамтран ажиллаж байгаа. Ганцхан УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай уулзалгүй дөрөв дэх жил рүүгээ орж байна.
Өнгөрсөн хугацаанд манай аймагт дэмжлэг бага байсан ч бид 2016-2020 онд засаглаж байсан удирдлагууд, Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын төсвийн маш их хөрөнгөөр ажилладаг, төсвийн мөнгийг маш ихээр “угааж” байсан асуудлыг таслан зогсоож, ард иргэд, хувийн хэвшлийн хамтран ажиллаж, 2022-2023 онд аймгийнхаа ДНБ-ийг 192.7 тэрбум төгрөг болгож, өмнөх оноос 114.2 тэрбумаар нэмэгдүүлсэн. Мөн улсын төсвийн орлогыг давуулан биелүүлж ажиллаж, ард иргэдийн хадгаламж 22 тэрбумаар нэмэгдсэн” гэдгийг танилцуулав.