УИХ-ын ээлжит сонгууль ойртож, улстөрчид элдэв янзаар идэвхжиж эхэлжээ. Сонгогчдод өөрийгөө сануулах, харуулахыг хүссэн улстөрчид дуулж, бүжиглэхээс наагуур байна. Хавар бол элдвийг харуулах нь тодорхой.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын бууз ажиллагаа сошиалд шуугиан үүсгэв. Тэрбээр ээжтэйгээ бууз хийсэн талаараа пост оруулахдаа хөлдүү бууз чимхэж буй мэт дүр эсгэсэн нь олны тоглоом шоглоом болж, дургүйцлийг төрүүлэв. Үүнийгээ тайлбарласан пост нь ч олонд таалагдсангүй. Үг үсэг нь авцалдахгүй, олныг хуурах гэсэн оролдлого нь байдлыг улам дордуулж, “угаасаа л худалч, хуурамч” гэсэн дүр төрхийг бүрдүүлчихэв.
Олон нийтийн сүлжээнд өрнөсөн энэ үйл явдал сонгогчид хэрсүү болсныг хангалттай харуулав. Урьд өмнөх сонгуулиудаар улстөрчид худал хуурмагаа нуун далдалж, ард түмнийг элдвээр хуурдаг байсан бол одоо цагт боломжгүй. Олон нийтийн сүлжээний цар хүрээ өргөжиж, хөгжихийн хэрээр улстөрчид зугтах газаргүй болсон. Хэлэх үг, хийх үйлдлээ цэгнэхгүй бол худал хуурмаг нь тав алхахгүй баригдаж, сонгогчид хэдийнэ дүгнэлтээ хийчихнэ. Өөрөөр хэлбэл саналын тоо нь тэр хэрээр багасаж, парламентын гишүүн болох мөрөөдөл нь замхарна гэсэн үг.
Тэгэхээр сонгуульд нэр дэвшихээр горилж байгаа, мөрөөдөж буй бүхэн хамжааргатай байсан нь аминд чинь өлзийтэй. Ард түмнийг, сонгогчдыг хуурах гэж бүр оролдох ч хэрэггүй. Нэг л эвгүй үг, үйлдэл чинь өнгөрсөн бүхнийг ухах сэдэл болж, сошиал бүүл үүсгэхийг үгүйсгэх аргагүй. Ард түмний шуугианы давалгаа, дургүйцлийг даахад амаргүй.
Б.Хэрлэн
Уншиж байна |