Автомашины улсын дугаарын тэгш, сондгойгийн хязгаарлалт өчигдөр орой дууслаа. Өнөөдрөөс өмнөх журам буюу улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарладаг зохицуулалт хэрэгжинэ.
Улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт 2023.12.18-наас эхэлсэн. Нийслэлчүүд өвлийн ид хүйтний 45 хоногт машиндаа хөл хорио тогтоолгож, зутарсан. Тэгвэл тээврийн хэрэгсэлд хязгаарлалт хийсэн энэ 45 хоногт юу хийж амжуулсан вэ, Х.Нямбаатар дарга аа?
Хотын дарга Х.Нямбаатарын яриагаар бол заавал тээврийн хэрэгслийг хязгаарлаж, талыг нь зогсоож байж амжуулах ажлууд байжээ.
Дугаарын хязгаарлалт хийсэн хугацаанд зарим уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтыг өөрчилж, нэвтрүүлэх чадварыг сайжруулахаас гадна нийтийн тээврийн чиглэл маршрутаа цэгцлэхээр төлөвлөөд байв. Гэхдээ та хэлж ярьсан ажлаа хэрэгжүүлсэн үү, Х.Нямбаатар дарга аа?
Олны мэдэхээр нийтийн тээврийн чиглэл, маршрут лав худлаа болсон. Өвлийн хүйтнээр машины дугаарыг хязгаарлаж, автобусны чиглэлийг өөрчилнө гэдэг санаа Х.Нямбаатар даргын багаас л гарах бололтой. Цаашдын дарга нар ядаж хүнлэг байж, дулааны улиралд туршилтаа хийгээсэй билээ дээ.
Уг нь хотын даргын үгээр бол өнөөдөр нийслэлчүүд автобус хүлээхийн зовлонгүй болж, буудал дээр 3 минут тутамд автобус сүлжилдэж байх учиртай. Гэтэл яагаад нийслэлчүүдийн нөхцөл байдал бахь байдгаараа, 30, 40 минут, бүтэн цаг автобус хүлээж, хөлдөж үхэх шахан зогсож байгаа юм бэ?
Та дугаарын хязгаарлалтын үед яг юу хийснээ нийслэлчүүдэд тайлбарлах шаардлагатай байна, Х.Нямбаатар дарга аа. Дарангуйлсан шийдвэр гаргаж, албадлагын аргаар хэрэгжүүлсний үр дүнд нийслэлд юу өөрчлөгдөж, ямар асуудлыг шийдвэрлэсэн вэ?
Мэдээж та шидтэн биш, 30 жил угжирсан асуудлыг өргөс авсан мэт шийдвэрлэх үр дүнг нийслэлчүүд таниас хүлээгээгүй. Гэхдээ өвлийн хүйтэнд иргэдийг зутраан байж хэрэгжүүлсэн шийдвэр чинь ганц ч болтугай үр дүн гаргасан байх ёстой биз дээ. Үр дүнгээ тайлбарлана уу. Тэгж байж өвлийн хүйтэнд машинаа тавьж, хөлдөж үхэх шахам автобус хүлээсэн, утаа уушгилан байж алхсан хүмүүсийн санаа бага ч болов амрах гээд байна.
Хийж, хэрэгжүүлсэн ажил чинь ямар ч үр дүнгүйн дээр уурласан, ялархсан байдал чинь нийслэлчүүдэд таалагдахгүй. Учир нь бид таныг хотын даргаар сонгоогүй.
Б.Хэрлэн