С. Одонтуяа: Шүүхийн хяналтгүйгээр хүний эрхэнд халддаг байдлыг зогсоолоо

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын дэд дарга С.Одонтуяатай ярилцлаа.
-Намрын чуулганы төгсгөлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Хуульд таны санаачилсан хэд хэдэн заалтууд тусгагдсан. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье.
-Намрын чуулганаар батлагдсан маш чухал хуулийн нэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль. Хоёр жилийн өмнө НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг Монгол Улсад ажилласан. Тус ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтэд манай улсад 2020-2021 онд хийгдсэн баривчлах ажиллагааны 98-99 хувь нь шүүхийн зөвшөөрөлгүй байсан гэх ноцтой баримт тусгагдсан. Үүний дараа Хүний эрхийн Үндэсний комиссын 22 дугаар илтгэлд 2020-2022 онд 2694 хүн баривчлагдсны 2674 нь буюу 99 хувьнь шүүхийн шийдвэргүй баривчлагдсан. Үүний 50 хувь нь шаардлагагүй баривчилгаа байсан гээд суллагдсан тухай илтгэлд дурдсан. Ингэснээр НҮБ-ын ажлын хэсгийн дүгнэлт батлагдаж байгаа юм.
Бид өөрсдийгөө цөөхөн Монголчууд гэж тодотгодог шүү дээ. Гэтэл цөөхөн Монголчууд бид нэгнийхээ эрхийг зөрчиж, хэлмэгдүүлсээр байна. Иймээс миний зүгээс өнгөрсөн жил хойшлуулшгүй ажиллагаа явуулах, шүүхийн шийдвэргүй баривчлахтай холбоотой саналуудыг 7 удаагийн албан бичгээр Засгийн газарт хүргүүлсэн. Миний саналууд бүгд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд тусгагдан, батлагдсанд баяртай байна.
-Та хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд хэт хуучинсаг заалтууд байсаар байгааг хөндөж байсан?
- Бид чинь Ардчилсан Үндсэн хуультай улс. Гэтэл одоо хүртэл коммунист хуулийн заалтуудаа өөрчлөхгүй хэвээр байлгаад байж болохгүй. Үгүй бол хүний эрх зөрчигдсөөр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд одоо ч хэт хуучинсаг заалтууд орсоор байгаа харагддаг. Бүр БНМАУ-ын үед хэрэглэж байсан Эрүүгийн хуулийн заалтууд олноороо байна. Хэлмэгдүүлэлтийн үед л хар машинтэй ногоон малгайтай хүмүүс шөнө оройн цагаар сүр дулиантай ирээд л баривчилдаг. Тэр хавийн бүх хүмүүс айдаг сүрддэг. Гэтэл одоо ч их хэлмэгдүүлэлтийн үед л байсан энэ хар технологи байсаар байна.
Мөн “Хойшлуулшгүй” гэх үгээр халхавчлан гэмт хэрэг хийсэн эсэх нь тодорхойгүй байхад тухайн сэжигтнийг баривчилдаг. Иймээс хойшлуулшгүй баривчилгааны асуудлыг цэгцлэх цаг болсон гэж үзсэн.
-Тэгвэл таны санаачилсан заалтууд хуульд тусгагдсанаар Монгол Улс НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яах вэ. Энэ хууль батлагдсанаар нэгдүгээрт, НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна. Хоёрдугаарт, хойшлуулшгүй ажиллагаа буюу хүний эрхэнд шүүхийн хяналтгүйгээр халдаж, баривчилдаг, олон сараар цагдан хорьдог асуудал зохицуулагдлаа.
Өмнө нь хойшлуулшгүй ажиллагаа нэрээр асуудалд мөрдөн байцаагчийн үзэмжээр, хэтэрхий ерөнхий, субьектив байдлаар ханддаг байсан. Жишээ нь, ажлын бус цагаар болон баяр ёслолын үеэр шүүхийн шийдвэргүй баривчилдаг. Хууль батлагдсанаар долоо хоногийн долоо өдөр 06-22 цагийн хооронд тойргийн журмаар баривчилгааны болон цагдан хорихын шүүгч ажиллаж, хуулийн дагуу хүний эрхийн зөрчилгүйгээр асуудлыг шийдвэрлэнэ гэсэн үг. Баривчлах ажиллагаа, анхны байцаалтад тухайн иргэний хууль ёсны өмгөөлөгч заавал оролцоно. Ямар нэг байдлаар оролцох боломжгүй бол томилсон өмгөөлөгч оролцохоор хуульчилсан.
Мөн олон жил сараар “Мөрдөн шалгаж байна” гэх шалтгаанаар цагдан хорьдог байсан. Тэгвэл хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хугацааг тусгайлан зааж өгсөн. Ингэснээр Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн гэрээ конвенцаа биелүүллээ гэсэн үг. Олон пунктээр хүний эрхийн үзүүлэлтүүд урагшлах байх гэж найдаж байна.
-Баривчлах, цагдан хорих асуудлыг зөвхөн шүүх шийдвэрлэнэ гэж ойлголоо?
-Хүний эрхийн комиссын 22 дугаар илтгэлд нийт баривчилсан хүмүүсийн 46 хувь нь 1,2 хоногийн дараа хорих шаардлагагүй гэсэн шүүхийн шийдвэрээр суллагдсан тухай дурдсан байсан. Энэ нь уг суудлыг хуульд нарийвчлан тусгах шаардлагатайг сануулсан баримт юм.
Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт сэжиглэж байгаа тохиолдолд баривчлахаар зохицуулагдсан.
Мөн өмнөх хуулиар гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа л бол тухайн хүнийг шууд цагдан хорьдож байсан. Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилж болох 3 үндэслэлийг тусгасан. Тодруулбал, гэмт хэрэг үйлдэж байх үед, эсхүл үйлдсэн дор нь, эсхүл гэмт хэрэг үйлдсэн газраас зугтах үед барьсан гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн баривчлана гэж хуульд заасан.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг дээр заасан 3 үндэслэлээс гадна хэн болох нь тогтоогдоогүй, Монгол Улсад оршин суух газрын хаяг тодорхойгүй, эрхэлсэн ажилгүйн улмаас түүнийг мэдэгдэх хуудсаар дуудах боломжгүй эсхүл Монгол Улсад байнга оршин суудаггүй гэсэн 3 үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол шүүхийн шийдвэргүй баривчилж болохоор өөрчлөх хууль тусгасан.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай заалтаар хорих ялаар шийтгүүлэх хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авдаг. Хууль хэрэгжиж эхэлснээр тухайн хүн хамгийн дээд тал нь 90 хоног 8 жилээс дээш ял авахаар байгаа бол түүнийг 18 сараас илүүгүй хорихоор зохицуулагдсан.
-Хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-2024 оны наймдугаар сарын 18-наас хэрэгжиж эхэлнэ.
П.ГОО
СЭТГЭГДЭЛ БИЧИХ