Г.Баасан: Ч.Хүрэлбаатар тэргүүтэй УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохыг шаардаж байна
Монголын ахмадын чөлөөт холбооноос мэдээлэл хийж, УИХ-д шаардлага хүргүүллээ. Тэд УИХ-д
-
Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэхгүй байх
-
30 жилийн хугацаанд хийгдсэн гадаадын хөрөнгө оруулалтаар нээлттэй сонсгол хийх
-
Ч.Хүрэлбаатар тэргүүтэй УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох гэсэн гуван шаардлагыг тавьж байна.
Энэ талаар тус холбооны тэргүүн Г.Баасан “Одоогоос 20 жилийн өмнө Монголын ахмадууд Монгол Улсын байгалийн баялаг яаж харагдаж байгааг анх монголчуудад түгээн дэлгэрүүлж байсан. Бүтэн таван жил энэ асуудлыг хөндсөн.
Газар, газрын хэвлийн баялгийг гадаадынханд 100 жилээр эзэмшүүлэх нь буруу гэж эсэргүүцлийн тэмцлийг таван жил хийсэн. Өнөөдөр 20 жилийн дараа энэ асуудал монголчуудын, тэр байтугай гадаадад сонорт хүрч байна.
Монголын байгалийн баялгийг монголчуудын хараа хяналтаас гадуур, төрийн шийдвэр гаргагчдын үзэгний үзүүрээр 20 жил ашиглалаа. Үүний үр дүнд монголчууд ядуурч, Монголын байгалийн баялаг харийн хүмүүсийн гарт орж, монголчуудын хөрөнгөөр наадаж байна. Энэ байж боломгүй зүйл. Үүний авлигын мөнгөөр баяжсан хүмүүс төрийн машиныг өөрсдийн талд ажиллуулж байна. Үүний тод илрэл нь Хөрөнгө оруулалтын тухай хууль юм. Монголын байгалийн баялгийг эзэмшсэн, ашигласан бүлэглэлүүд цаасан хэлбэрээр эх оронд маань халдлага үйлдэж эхэллээ. Үе үеийн ахмад буурлууд хойч үедээ эх орноо үлдээдэг нарийн нандин үүрэгтэй. Бид энэ үүргээ биелүүлэхийн тулд бүлэглэлд зориулсан хууль батлахыг эсэргүүцэж, УИХ-д шаардлага хүргүүлж байна.
Бид 1993-2023 оны хооронд Монгол Улсад ямар төрлийн хөрөнгө оруулалт, аль аль улсаас орж ирсэн тухай нийтийн сонсгол хийхийг шаардаж байна. Газар улсын үндэс байтал газарт хөрөнгө оруулалт хийх нь гэмт хэрэг.
УИХ-д Монгол Улсын язгуур, хүн ардын эсрэг хууль батлах эрх байхгүй. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын ахалсан Г.Дамдинням, Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил, Х.Ганхуяг, Г.Амартүвшин тэргүүтэй нөхөд Монгол Улсын язгуураас урвасан, Монгол хүнийг дорд үзсэн, хөрөнгө оруулагч нэртэй улсуудад давуу байдал олгох гэж байна. Бид үүнийг эсэргүүцэж байна. Улсаасаа урвасан хууль оруулж ирсэн гишүүдэд хариуцлага тооцохыг шаардаж байна” гэв.
Тэд шаардлагынхаа хариуг 2024.02.05-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордны гадна авахаа мэдэгдэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ