Хотын дарга Х.Нямбаатар сураггүй болжээ. Түүний удирдсан хотод гамшгийн хэмжээний асуудал үүсэж, олон хүний амь эрсдэн, олон хүн үхэл амьдралын заагт тэмцэлдэж байхад тэр өнөөдөр ч сураггүй байна.
Улаанбаатар хотод урьд өмнө тохиолдож байгаагүй осол Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзварт 2024.01.24-нд болов. Олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хохироосон осол, дэлбэрэлтийн үеэр хотын дарга Х.Нямбаатар харагдсангүй. Энэ ослын улмаас амь эрсэдсэн онцгой байдлын гурван албан хаагчийг сүүлчийн замд нь үдэхэд ч Х.Нямбаатар мөн л бараа сураггүй.
Хотын дарга Х.Нямбаатар хаашаа, ямар ажлаар явсан талаар ямар ч албан ёсны мэдээлэлгүй байна. Түүнийг гадаад томилолттой яваа гэсэн бүдэг бадаг мэдээллээс өөрцгүй.
Гадаад томилолтыг гайхах юм алга, мэдээж явж болно. Гэхдээ тэр улс оронд нь, удирдсан хотод нь гамшгийн хэмжээний асуудал үүсээд байхад эргэж ирдэггүй дарга аж.
Уг нь өндөр албан тушаалтнууд, дэлхийн хотуудын дарга нар удирдсан хотод нь, улс оронд нь гамшгийн асуудал үүсэхэд айлчлал, албан томилолтоо цуцлаад, эх орон руугаа яаравчилдаг. Өндөр хэмжээний уулзалт, зайлшгүй шийдвэрлэх асуудал байсан ч цуцлаад, эх орон руугаа буцдаг олон жишээг дурдаж болно.
Харин манай дарга Х.Нямбаатарт бол ийм зангараг байсангүй. Түүний удирдсан хотод гамшгийн асуудал үүслээ, олон хүний амь эрсэдлээ, олон хүн даахад бэрх шарх авлаа. Энэ бүхэн Х.Нямбаатарт огтхон ч хамаагүй аж.
Яг одоогийн нөхцөл байдлаар бол Улаанбаатар хотын бүх цаг үеийн хамгийн муу, хариуцлагагүй даргаар Х.Нямбаатарыг нэрлэхэд буруудахгүй байна. Наанадаж л хотын гудамж, замын халтиргаа гулгаатай ярих юм алга. Өвөл болдгоороо болж байсан ч урьд өмнө зам ийм гамшгийн халтиргаа гулгаатай байсангүй. Х.Нямбаатарын үед нийслэлчүүд зам дээрээ мөлхлөө, өчнөөн олон хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирлоо. Харин Х.Нямбаатар бусдыг загнаж, амьдралд наалдахгүй хууль дүрэм ярьснаас өөр юу ч хийсэнгүй.
Товчхондоо Улаанбаатар өнөөдөр эмгэнэлт осолтой нүүр тулгарсан, эзэнгүй хот болчихоод байна. Хэзээ, хаана ямар асуудал үүсэхийг тааварлах боломжгүй байнгын түгшүүртэй, иргэндээ ээлгүй бараан саарал хот. Дарга нь бараа сураггүй, эрэл сурал болсон иргэдтэй, өрөвдөлтэй бас харамсалтай.
Б.Хэрлэн