Асгатын мөнгөний ордын нөөцийг JORC стандартад нийцүүлэхэд 8.4 тэрбумыг зарцуулна

Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт Асгатын мөнгөний ордны судалгаа, туршилт, ТЭЗҮ зэрэг ажлуудаа хөрөнгө оруулагчдад хүлээлгэн өгөхөөр тусгасан байдаг.
Тэгвэл өнөөдөр Төрийн худалдан авах ажиллагааны газраас 8.4 тэрбумын тендер зарласан байна. Уг хөрөнгөөр Асгатын мөнгөний ордын нөөцийг олон улсын нөөц баялгийн /Jorc/ ангилалд нийцүүлэх хайгуулын ажлын төлөвлөгөө, нэмэлт хайгуулын ажил, хагас үйлдвэрлэлийн технологийн дээжлэлт, туршилт хийж үр дүнгийн тайлан боловсруулж, батлуулах ажлыг хийх юм. Ийнхүү 20 гаруй жил гацхан Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил гараанаас гарах нь ээ.
Монгол Улсын Засгийн газрын 1993 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолд өөрчлөлт оруулан, “Монголросцветмет” ТӨҮГ-ын мэдэлд байсан Асгатын мөнгөний ордыг 2019 онд “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэх шийдвэр гарсан. Энэ дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас Асгатын мөнгөний ордын ашиглалтын 4 тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлсэн юм.
Асгатын мөнгөний орд Өлгий хотоос баруун тийш 180 км, Цагааннуурын чөлөөт бүсээс 40 орчим км, Улаанбаатар хотоос 1800 км-т оршдог. Хайгуулын ажлыг 1976 оноос эхэлж хүдрийн таван бүсийн хэмжээнд хийж байсан. Цаашид зөвлөлтийн геологичидтой хамтран 100 км дотор хайгуулын ажил хийснээр уг ордыг илрүүлсэн. Тухайн үед хүдийн 6.4 сая хүдрийн, мөнгөний 2200 тонн, зэсийн 72.6 мянган тонн нөөцтэй, дагалдах бусад элементүүд байдаг тухай дурьдсан байдаг.
JORC гэдэг олон улсад хүлээн зөвшөөрөгддөг геологи-хайгуул, ордын нөөцийг тооцоолох аргачлал юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ