С.Амарсайхан: Онцгой байдлын албаны хөрөнгө оруулалтыг хангалттай тавьж чадахгүй байгаа

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-оос мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Шадар сайд С.Амарсайхан Эх орон, ард түмнээ гамшиг ослоос авран хамгаалах ариун үйлсийн төлөө эрдэнэт бие, итгэл сэтгэл, залуу халуун насаа зориулан онцгой байдлын албан хаагчдынхаа ар гэр, төрөл төрөгсөд, хамт олонд Засгийн газар болон УОК-ын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ.
Үргэлжлүүлэн УОК-ын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа.
-
Албан үүргээ гүйцэтгэж байгаад амь эрсэдсэн онцгой байдлын байгууллагын албан хаагчдын ар гэрт дэмжлэг туслалцаа үзүүлэх, шаардлагатай асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийг УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян удирдан ажиллана.
-
Ослын үед бэртэж гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн иргэдийн эмчилгээний асуудлыг хариуцах ажлын хэсгийг ЭМ-ийн сайд С.Чинзориг ахлан ажиллаж байна.
-
УОК-ын дэргэд Улаанбаатар хот төдийгүй улсын хэмжээнд шатах материал, шатахуун, хийн түлшний чиглэлээр ажилладаг ААН, иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх комиссыг байгуулж, өнөөдрөөс үйл ажиллагааг нь эхэллээ. Хууль зөрчсөн, стандарт зөрчсөн бол үйл ажиллагааг нь зогсоож, нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэнэ.
-
Галд 60 айлын орон сууц, 28 машин шатсан. Энэ айлуудын нөхцөл байдлыг дордуулахгүйгээр байршуулж, байранд нь яаралтай засвар хийх ажлыг нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзоригоор ахлуулсан ажлыг хэсэг хариуцахаар боллоо.
Шадар сайд С.Амарсайхан “Үе үеийн Засгийн газар онцгой байдлын албан хаагчдын эрсдэлгүй байх, ард түмнээ авран хамгаалахад нь зориулж хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай арга хэмжээг авч ирсэн. Гэхдээ үе шаттай тавьж байгаа хөрөнгө оруулалт хангалттай биш. Үүний улмаас тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл, техникт хүндрэл бэрхшээл учирч байгаа.
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн ч ахуйн ослоос эхлээд байгалийн гамшиг байнга нэмэгдэж байна. Тиймээс онцгой байдлын албан хаагчдаас гар татаж болохгүй. Шаардлагатай хөрөнгө оруулалтыг цаг тухай бүрт нь тавих ёстой" гэсэн байр суурийг илэрхийлэв.
ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян “Бид гал унтраахад тактикийн болон ажиллагааны алдаа гаргаагүй. Монгол Улсад мөрдөгдөж байгаа гал унтраах дүрмийн дагуу ажилласан" гэсэн тайлбарыг өглөө.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны дарга, хурандаа Н.Лхагвасайхан “Дашваанжил компанийн тээврийн хэрэгсэл НИТХ-ын Тэргүүлэгчдийн 120 дугаар тогтоолоор батлагдсан нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаартай оролцуулах түр зөвшөөрөл олгох журмын дагуу С, Е ангиллын зөвшөөрөл авсан мэдээлэл бүртгэгдээгүй байна. Энэ чиглэлийн зөвшөөрөл олгож, хяналт тавих ажиллагааг нийслэлийн Нийтийн тээврийн газар хэрэгжүүлдэг" гэсэн мэдээллийг өгөв.
ЭМ-ийн сайд С.Чинзориг “Одоогийн байдлаар ГССҮТ, Түлэнхийн төвд 10 хүн эмчлүүлж байна.
Гурван хүний бие 80-90 хувь нь түлэгдэлтэй, маш хүнд
Хоёр хүний бие 35-45 хувийн түлэгдэлтэй, хүнд
Таван хүний бие 18-25 хувийн түлэгдэлтэй хүндэвтэр байна" гэсэн мэдээллийг өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ