НӨАТ-ын баримтыг цахимжуулж, 2023 онд 43.1 сая ширхэг цаас хэмнэжээ
2024-01-19

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос өнөөдөр (2024.01.19) хэвлэлийн бага хурал хийж, 2023 онд гүйцэтгэсэн ажлаа тайлагналаа. Тус байнгын хороо өнгөрсөн онд нийт 10 удаа хуралдаж, 14 сэдэв асуудлын хүрээнд байнгын хорооны 5 тогтоол баталж, чуулганы нэгдсэн хуралдаанаар 109 хууль, Улсын Их Хурлын гурван тогтоол батлуулжээ.

 

Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх “D өргөдөл” буюу “Нийтийн өргөдөл, гомдлын систем”-ыг нэвтрүүлсэн нь Монгол Улсын иргэн дэлхийн хаанаас ч өргөдөл, санал гаргах боломж бүрдсэн хэмээн Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар мэдээлэлдээ онцоллоо. Цахим шилжилтийг боомилж байсан 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлж, 109 хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр эцэслэн баталсан нь Монгол Улсын цахим шилжилтийн шинэ реформ болж, технологийн дэвшлийг бүх салбарт нэвтрүүлэх, улмаар хүний хүчин зүйлээс үл хамааран төрийн үйлчилгээн дэх хүнд суртал, чирэгдлийг халах, зардал, төсвийг хэмнэх боломж бүрдсэн. Цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй ижил түвшинд хүлээн зөвшөөрч, тоон болон цахим гарын үсгийн хэрэглээг бодит болгож, төрд байгаа мэдээллийг цаасан хэлбэрээр нэхдэг байдлыг зогсоосон гэв. Өөрөөр хэлбэл, “И-Монголиа” системд байгаа мэдээллийг цаасан хэлбэрээр нэхэхгүй болсон. Компани, аж ахуйн нэгж байгуулахын тулд бүртгэлийн 11 шат дамжлага дамждаг байсан бол одоо гар утсаараа “E-business” ᠋платформоор бүртгүүлдэг болсон. Өнөөдрийн байдлаар 800 мянган хүн цахим гарын үсгээ авчээ.

 

Цаашид төрийн бүх байгууллагын үйлчилгээг нэг дороос операторын горимоор үзүүлэх, төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг сум, хороо бүрт байгуулна.  "Хурдан" систем нь ямар нэг орон тоо, төсөв шаардахгүй байх талаар Инновац, цахим бодлогын байнгын хороо анхаарч ажиллаж байна.

 

 

Тус Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт хэд хэдэн чиглэлд үүрэг өгч ажилласны үр дүнд НӨАТ-ын баримтын цаасан хувилбарыг халж эхэлсэн байна. Ингэснээр 2023 онд бүртгэгдсэн баримтын 20 хувь буюу 43.1 сая ширхэг баримтыг цаасаар хэвлэхгүйгээр хэрэглэгчийн системд оруулсан. Одоогоор харилцаа холбоо, эрүүл мэндийн үйлчилгээ, байр, СӨХ, гэрэл цахилгааны төлбөрийн баримтыг шууд бүртгэдэг болсон. Үүнд “Номин”, “CU”, “GS25” зэрэг сүлжээ дэлгүүрүүд, “UB CAB”, “Shoppy” нэгдсэн болохыг мэдээллээ.  

Shuud.mn
Сонин хачин