Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргалын асуудлаар тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Амаржаргал өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Аймгийн ИТХ-ын дарга гэдэг бол төрийн өндөр албан тушаалтан, өндөр ёс суртахуунтай, сахилга баттай ажиллах ёстой. Шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангаж, хууль дээдлэх үндсэн зарчмаар ажиллах ёстой байтал Б.Батжаргал хуулийг гууль болгож, өөрийн эрх ашигт нийцүүлэн, ашиглаж байна. Ингэснээр аймгийн ИТХ чадамжгүй болж хувираад байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд иргэдийн нийтийн хурал болон аймгийн ИТХ-ыг улиралд нэг удаа хуралдуулна гэж заасан байдаг. Гэтэл энэ хүн өөрт ашигтай үед хурлаа товлон зарлаж, ашиггүй бол хуралдуулдаггүй. Өөрт нь ашиггүй хурлыг хууль бусаар хойшлуулаад, алга болчихдог. Сүүлийн хуралдааныг гэхэд хаяж яваад, одоо болтол хаагаагүй байна.
Аймгийн ИТХ-ын дэргэд тодорхой төсөв хөрөнгөтэй Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл байдаг. Энэ төсөв хөрөнгө торгуулийн орлогоос бүрддэг. Гэтэл ИТХ-ын дарга Б.Батжаргал энэ хөрөнгийг хууль бусаар зарцуулж, хувьдаа шамшигдуулж, үрэн таран хийсэн нь тогтоогдсон.
Архангай аймгийн малчдын малын хулгайгаас сэргийлэх, таслан зогсоох зардлыг ИТХ-ын дарга идчихсэн шүү. Архангай аймгийн иргэдийн төлсөн торгуулийн тодорхой хувийг гэмт хэргээс сэргийлэхэд зарцуулах ёстой байтал ИТХ-ын дарга бүлэглэн шамшигдуулж, хууль бусаар зарцуулсан. Энэ хүн төрийн өндөр албан тушаалтан, улс төрийн нөлөө бүхий этгээд. Хариуцлага хүлээх ёстой.
Тиймээс миний бие эрээ цээргүй даргыг огцруулах асуудлыг аймгийн ИТХ-д өргөн барьсан. Харамсалтай нь Архангай аймгийн ИТХ дахь АН-ын бүлэг хулгайчаа хамгаалж, хурлаа хаяж яваад, одоо болтол асуудлыг хэлэлцэхгүй байна. Нэг хулгайчийн эрх ашиг чухал уу, нийтийн ард түмний эрх ашиг чухал уу” хэмээн ИТХ-ын дарга Б.Батжаргалыг огцруулж, ард түмний талд шийдвэр гарахад найдаж байгаагаа илэрхийллээ.
Мөн тэрбээр "Хурлын хулгайч даргаа өмөөрч, хамгаалсаар байвал тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ" гэдгээ хэллээ.
Уншиж байна |