Монголчууд дахин шатахууны хязгаарлалтад орж болзошгүй нөхцөл байдал хойд хөршид үүсчээ. ОХУ-ын Нижегородын газрын тос боловсруулах үйлдвэрт гэмтэл гарч, тус улс газрын тосны бүтээгдэхүүнийхээ экспортод хязгаар тавьж болзошгүй талаар бид энд мэдээлсэн.
ОХУ-ын Нижегородын газрын тос боловсруулах үйлдвэр нь Москвагийн бүс нутгийг түлшээр хангадаг, томоохон үйлдвэр учраас Оросын Засгийн газар бензиний экспортыг түр хугацаагаар хязгаарлах талаар хэлэлцэж эхэлсэн байна.
Харин энэ талаар манай улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ямар ч мэдээлэл алга. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч “Албан ёсны мэдээлэл ирээгүй учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариултыг өгч байна.
Томоохон үйлдвэрт нь осол гарч, дотоодын нөхцөл байдал нь ээдрээтэй болсон ОХУ шатахууны крантаа дахин багасгах, бүр хаахыг ч үгүйсгэх аргагүй байхад манай улс ямар ч мэдээлэлгүй сууж байна.
Оросын нөхцөл байдал хүндэрвэл монголчууд Цагаан сараараа шатахуунд очерлож ч болзошгүй. Харин тэр үед Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар иргэд зориудаар очерлож, дараалал үүсгэн, хомстол үүсгэж байгаа талаар хэвлэлээр ярих биз.