Б.Пүрэвдорж: Иргэдэд 580 мянган төгрөгийн НОГДОЛ ашиг өгөх боломжтой гэсэн судалгаа гарсан

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Өнөөдрийн байдлаар Улсын Их Хурал, Засгийн газрын холбогдох тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн гаргасан нийт хувьцааны 81.5 хувийг “Эрдэнэс Монгол” компани, 18.5 хувийг нь 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн 2.5 сая иргэн, 0.06 хувийг үндэсний 486 аж ахуйн нэгж тус тус эзэмшдэг байна. Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн байгалийн баялгийн үр өгөөжөөс иргэн бүрд тэгш, хүртээмжтэй олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааг 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн болон тухайн хугацаанаас хойш Монгол Улсын харьяатад орсон иргэн бүрд эзэмшүүлэх, Монгол Улсын иргэдэд олгосон хувьцааг энгийн хувьцаанд бүртгэх шаардлага үүссэн талаар Б.Баттөмөр гишүүн танилцууллаа.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 2022, 2023 оны ногдол ашгийг иргэдэд олгох асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Сар шинийн өмнө ногдол ашиг тараа гэж миний шаардсаны дагуу 2022 оны ашиг гэж 120 мянган төгрөгийг иргэдэд өгөх нь. 2024 оны ашгийг 4-р сард өгөөд нийт 450 мянган төгрөг өгөх гэж байна. 580 мянган төгрөг өгөх боломжтой байхад 450-г өгөөд орхиж болохгүй. Үлдсэн мөнгийг нь хэн өгөх болж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Хууль оруулж ирэхдээ дэлхий дээрх хамгийн сайн жишгийг оруулж ирж байна. Яг хэрэгжүүлэх болохоор бөөн хуйвалдаан, луйвар.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Уул уурхайн салбараас орж ирж байгаа орлогыг нийтэд шударга хүртээнэ гэж сонгуульд орцгоосон. 1072 хувьцааны ашгийг ард түмэндээ амсуулах шийдвэр лүүгээ явж байна. Өмнө тойрч суусан хэдхэн хүн шийдээд хэдэн том хэмжээний төслүүд рүү хийсэн. Аудит дүгнэлт гарахад урьдчилсан ТЭЗҮ-нээсээ хэд дахин өндөр үнээр хийгдсэн ч дуусаагүй байна. Аудитаас ойрын ирээдүйд ашгаа өгөхгүй төслүүд рүү хөрөнгө оруулалт хийсэн гэж дүгнэсэн. Хэзээ 1072 хувьцаа жинхэнэ болох юм бэ? ЭТТ ХХК-ийн ногдол ашгийг иргэд хэзээнээс хувьцаа байдлаар ашиглаж, үр ашгийг нь хүртэх боломжтой болох вэ?
"Эрдэнэс Монгол" ХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт: Энэ тогтоолоор 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн болон тухайн хугацаанаас хойш Монгол Улсын харьяатад орсон иргэн бүрд энгийн хувьцааг олгож байгаа. Таны хэлж байгаа сонгодог жинхэнэ хувьцаа гэсэн үг. Өмнө нь олгосон хувьцааг энгийн хувьцаанд бүртгэх тухай заалт энэ тогтоолд орж байгаа. Энэ тогтоол багтлагдсанаар амьд хувьцаа болно. "Эрдэнэс Тавантолгой" ХК 4,6 орчим их наяд төгрөгийн хуримтлагдсан өртэй. Ногдол ашиг хуваарилсан тохиолдолд өр авлагыг цэгцэлж суутган тооцох эрхийг УИХ-аас авч, төрийн өмчийн компаниудын өрийг цэгцлэх заалтыг оруулж ирж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ