Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг тараах нь нэгэнт тодорхой болжээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд өр дарна, үйлдвэр барина гэхчлэн элдэв шалтгаанаар хойшлуулсаар ирсэн ногдол ашгийг эрх баригчид сонгуулийн өмнөх урьдчилгаа болгон шилжүүлэхээр шийджээ.
Засгийн газраас өнгөрсөн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Уг төслийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хэлэлцэхээр товложээ.
МАН-ынхан сонгуулийн өмнө Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаагаар шоу хийдэг уламжлалтай. Энэ удаа ч уламжлалаа эвдсэнгүй, иргэдэд тус компанийн 34 хувийг эзэмшүүлэх тухай ярьж, ногдол ашиг тараахаа ч амлаад байна.
Эрдэнэс Тавантолгойн хувьцааг Монгол Улсын иргэн бүр эзэмших ёстой, анхнаасаа ийм л шоу хийсэн. Гэвч удаа дараагийн сонгуулийн циклээр энэ компанийн хувьцааг зэрэмдэг болгосоор өнөөдөр сая гаруй иргэн хувьцаагүй байна.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг 2012 оноос өмнө төрсөн 2.5 сая иргэн эзэмшиж байгаа бол 1 218 000 иргэн хувьцаагүй байна. 2016 онд иргэдийн хувьцааг төр худалдан авах, элдэв төлбөрт шилжүүлэх зэргээр сонгуулийн шоу хийснээр сая гаруй иргэн хувьцаагүй болжээ. Энэ маягаар 2010 оноос хойш УИХ, Засгийн газрын 16 тогтоолоор Эрдэнэс Тавантолгойн хувьцааг зэрэмдэг болгосон гэдгийг Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт хэлдэг.
Энэ удаагийн сонгуулиар ч Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааг дахин оролдож, УИХ, Засгийн газрын тогтоолуудынхаа тоог нэмэхээр боллоо. Яг л мууд барьдаг мод мэт.
Иргэдийн хувьд хувьцаа “амь” орох нь дараагийн асуудал. Өөрөөр хэлбэл 1072 хувьцааг хэзээ арилждаг, өвлөгддөг болохыг иргэд тоохгүй. Төр засгаас ч анхнаасаа энэ хувьцааг “амь” оруулахыг ч хүсээгүй, зөвхөн сонгуулийн өмнө ногдол ашиг гэх хусмаар иргэдийг хуурсаар байх сонирхолтой.
Тиймдээ ч иргэд өнөөдөр ч ногдол ашиг шаардсаар байгаа. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлснээр бол ногдол ашиг гэж 580 000 төгрөг тараах бололтой. Шадар сайд С.Амарсайханы хэлснээр бол Засгийн газар 2021, 2022 оны ногдол ашгийг хуваарилахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа гэх.
Ногдол ашиг нэрээр хэдийг тараах нь тодорхойгүй ч сонгуулийн өмнө иргэдэд хусам долоолгох нь тодорхой болж, өнөөдрөөс УИХ хэлэлцэж эхлэх нь ээ.
Б.Хэрлэн