УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж, үдээс хойш Соёлын харилцаа, хамтын ажиллагааг дэмжих, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга хэмжээний талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Тэтгэврийг 5 жилийн цалингийн дундажаар тогтоох хуулийг баталсан. Энэ хуулийг хэрэгжүүлж, Засгийн газрын 138 дугаар тогтоолоор итгэлцүүрийг тогтоохдоо олон жилийн ужгирсан асуудлыг шийдвэрлэсэн сайн тал байна. Энэ итгэлцүүрийн дагуу 2023.07.01-нд ихэнх ахмадын тэтгэвэр багадаа 50 000 төгрөгөөр нэмэгдсэн. Гэтэл 7 жилийн дундажаар тогтоосон тэтгэврийг дахиж бодохдоо нэг програмаар нийтэд нь автоматаар бодож байгаа учраас ахмадуудын тэтгэвэр 1000, 2000, 10 000 төгрөгөөр нэмэгдэж байна. Ахмадууд тэтгэвэр хангалттай нэмэгдсэнгүй гэж над руу бичиж байна.
Гомдолтой олон ахмад байна. Тэдний нэмэгдлийг програмаар биш дахин хувьчилж бодож өгөх хэрэгтэй байна" гэсэн шаардлагыг ХНХ-ын сайд Х.Булгантуяад тавилаа.
Үргэлжлүүлэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд анхаарах зүйл байна. Би 50 000 ам.доллараар машин, байр худалдаж аваад Монголд байнгын оршин суух эрхтэй болох гэдгийг хөндөж байсан. Энэ хуулинд босго нь байхгүй. Бүр босгогүй болсон.
Хөрөнгө оруулалтын 4 төрөл байсан, одоо маш олон төрөл болсон. Тэнд барилга хөрөнгө оруулах буюу хямд байшин худалдаж авбал Монголд байнга оршин суух эрхтэй болж байна. Үүнийг Засгийн газарт ярилцаж оруулж ирэхээр болсон ч энэ заалт хэвээрээ байна. Энэ болохгүй, ҮАБ-д нөлөөлнө.
Манайхан хоёр хөршөө баян болсон гэдэг, тийм юм байхгүй. Тэнд хангалттай ядуу улс байгаа. Өмнөд хөршид хүн амын 13 хувь буюу өдөрт 5$-аар амьдардаг 180-200 сая иргэн байна. Хойд хөршид дайны нөхцөл байдал хүнд, юу ч болж болно. 1921 онд цагаатнууд манайхаар чөлөөтэй ороод гарсан.
Хоёр том гүрний дунд оршин тогтносон үндэсний дархлаагаа хэрхэвч алдаж болохгүй.
Хуулийн төслийн 16.1.5-д нэг сая төгрөгийн дүрмийн сантай компани байгуулвал Монголд байнгын амьдрах, оршин суух эрх авна гэж заасан. Ингэж болохгүй. Монгол Улс ядуу хүмүүсийн хогийн сав биш.
Хөрөнгө оруулалтыг өөрсдийн хийж чадахгүй зүйл, үзүүлж чадахгүй байгаа үйлчилгээнд, байхгүй технологи дээрээ авдаг. Бүх салбарт авч, ажлын байраа булаалгадаг байж болохгүй.
Манайд хөрөнгө оруулалт татварын хангалттай хөнгөлөлттэй. Ганц л гай бий. Янз бүрийн хүчний байгууллагатайгаа нийлж байгаад гадныхныг дээрэмддэг. Жапан таун байна. Үүнийгээ л зогсоо. Монгол Улс бол гадныхан нэг сая төгрөг төлөөд орж ирдэг ядуучуудыг цуглуулдаг, хогийн сав биш.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Монгол Улс хэрхэн хөгжихөө л харах ёстой. Бүхнээ хааж, бүхнийг зөвхөн өөрсдөө хийнэ гээд явж болно. Хөгжил их удаан байна. Монголчуудын дийлэнх олонх ядуу хэвээр байна. Энд сууж байгаа олон хүний амьдрал сайхан байгаа байх. Бид энгийн иргэдийнхээ амьдралыг бодох ёстой.
Бизнес эрхлэгчид, ард иргэдийн юу хийхийг бид заахгүй. Бид ямар нийгэмд амьдарч байгаа юм бэ. БИд бизнес эрхлэгчид, ард иргэдэд боломж олгох хуулийг оруулж ирж байна.
Хуучин байсан заалтуудыг оролдоогүй. Мушгиж яриад дэмий байлгүй дээ.