Монгол Улсад эм эмнэлгийн хэрэгслийн худалдаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр буй. Үүнийг булан тойроод л байх эмийн сангуудаас харж байна.
Хүнсний дэлгүүрийн нэгэн адил булан бүр эмийн сан үйл ажиллагаа явуулж байгаа ч өдрөөс өдөрт эмийн үнэ өссөөр байна. Тэгвэл эмийн үнэ өдрөөр өсөж буй шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж эхэлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хороо” байгуулагдсан. Уг түр хороо ирэх гуравдугаар сард нотлох баримтыг шалган судлах сонсгол зохион байгуулахаар болсон байна.
Одоогоор уг хянан шалгах түр хороо нь одоогоор нийт есөн хянан шалгагч, шинжээчийг томилон ажиллуулж зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг батлах шийдвэрийн хэрэгжилт, эмийн чанар, аюулгүй байдал, чанарын баталгаажуулалтын нөхцөл байдал зэрэгтэй газар дээр очиж танилцаж, нотлох баримт цуглуулан ажиллаж эхэлсэн байна. Мөн эмийн чанарыг хянах тогтолцоо, эмийн чанарыг үнэлэх биологийн сорил, эмнэл зүйн судалгааны байдал, зах зээлд худалдаалагдаж байгаа зайлшгүй шаардлагатай эмийн үнийн өсөлтийн бодит шалтгаан, нөхцөлийг тодорхойлж, цаашлаад тендер шалгаруулалт, татвар зэрэг асуудлыг авч үзэж, дүн шинжилгээ хийж эхэлжээ.
Өнөөдөр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эм, эмчилгээнд хэрэглэгдэх журам зөрчигдөж байгаа бөгөөд 2018-2023 онд 155 нэрийн 25600 гаруй бүртгэлгүй буюу улсын бүртгэлтэй эмийн загвараас зөрүүтэй хуурамч гэж үзэж болохуйц эм илэрчээ. Мөн эмчилгээнд хэрэглэгдэж буй эмийн гаж нөлөөний тохиолдол байнга бүртгэгдэж байгаа бөгөөд энэ нь жилээс жилд өсөх хандлагатай байна. 2022 онд эмийн гаж нөлөөний 590 тохиолдол байсан бол 2023 оны эхний 3 улиралд 661 тохиолдол бүртгэгджээ.
Мөн эмийн үнэ анхдагч буюу гаалиар нэвтэрсэн үнээс 33.2 хувь өсөж, иргэдэд борлуулагддаг нь шалгалтаар тогтоогдсон байна. Эрүүл мэндийн даатгалын санд эм, эмийн бүтээгдэхүүнд зарцуулах төсөв, санхүүжилт өсөлттэй байгаа ч эмийн чанарын асуудалд нэгдсэн мэдээлэлгүй байгаагийн зэрэгцээ Монгол Улсын хэмжээнд дөрвөөс таван аж ахуй нэгж давуу эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь эмийн үнэ, чанарын асуудалд хөөргөдөл үүсгэж байгааг албаныхан хэлж байна. Ийнхүү сүүлийн жилүүдэд хяналтгүйгээр өргөжин тэлж байгаа эмийн бизнесүүд болон давуу эрхтэй аж ахуйн нэгжүүдийн талаарх баримтууд ирэх гуравдугаар сард нийтэд ил болох нь ээ.