Банк, санхүүгийн байгууллагын цахим сүлжээнд хууль бусаар нэвтрэх, эсвэл хуурамч болон төөрөгдүүлсэн мэдээлэл ашиглан гайхалтай үр дүн амлах замаар бусдын эд хөрөнгийг завших, эсвэл ямар нэг хууль бус үйлдлээр бусдад санхүүгийн хохирол учруулах үзэгдлийг хэлнэ.
Санхүүгийн залиланг хийхдээ хүний хувийн мэдээллийг хулгайлах эсвэл хөрөнгө оруулалт мэтээр луйвардах гэх мэт олон янзын аргаар хийж болно (Victim connect resource center). Жил бүр тоо томшгүй олон хүмүүс, байгууллага санхүүгийн залилан, луйврын хохирогч болж, хуримтлал, ажлын байр, хөрөнгө оруулалтаа алдаж байгаа бөгөөд үүнээс үүдэн санхүүгийн болон хувийн олон бэрхшээлийг амсаж байна.
Санхүүгийн залилан үргэлж санаатай үйлдэгддэг ба залилан үйлдэгчид хүн, байгууллагаас мөнгө, хөрөнгийг нь хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар олж авдаг. Санхүүгийн залилан янз бүрийн арга, хэлбэрээр үйлдэгддэг ба тухайлбал, интернет худалдаа, хуурамч цахим хуудас, вексель, понзи схем, пирамид схем, хөрөнгө оруулалт, криптовалюттай холбоотой залилан, зээлийн картын луйвар, гэрээ болон худалдан авалтын луйвар, хүний хувийн мэдээлэл хулгайлах гэх мэт олон төрлөөр үйлдэгдэж байна. Санхүүгийн залиланг илрүүлэх, таслан зогсооход хууль сахиулах байгууллага, зохицуулагч байгууллагууд болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа маш чухал. Хамтын ажиллагааны хүрээнд төр, хувийн хэвшлийн байгууллагууд санхүүгийн залилангийн эрсдэлд дүн шинжилгээ хийх, урьдчилан сэргийлэхээс гадна, хууль бус ажиллагаа, гэмт хэргийг илрүүлэх, дотоод, гадаадад нуусан, хулгайлагдсан хөрөнгийг буцаан олж авах ч боломжтой юм.
3.2.Монгол Улсын хууль, эрх зүйн зохицуулалт Залилах гэмт хэрэг нь 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйл болох Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэсэн зүйл ангиар зохицуулагддаг байсан бол 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар тус хуулийн 17.3 дугаар зүйлээр зохицуулагдаж байна.
Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗАЛИЛАН ТИПОЛОГИЙН ТАЙЛАН 2022
Уншиж байна |