Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа гэж бий. Үүнийг УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол тэргүүлж байв. Тус захиргаа нь орон нутгийн зэрэглэлтэй хотууд болон чөлөөт бүсийг байгуулж, эрх зүй, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалт, менежментээр хангах үүрэгтэйгээр ажиллагаа явуулдаг.
Тодруулбал, Хөшигийн хөндийд 1000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Уг газарт аялал жуулчлалын салбар, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төлбөрт болон бооцоот тоглоомын үйлчилгээг бий болгох тухай яригдаж байв. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол энэ ажлын ахалж ажииллаж байв.
Гэвч өнөөдөр дээр ажлууд цаасан дээр бичигдсэн хэвээр үлдэж, Хөшигийн хөндийд бүтээн байгуулалт хийх ажил ч урагшилсангүй. Харин уг захиргааг тэргүүлж байсан Д.Оюунхорол ирэх сонгуульд нэр дэвшихээр ажлаа хүлээлгэн өглөө.
Тэгвэл өнгөрсөн 2023 онд Д.Оюунхорол дарга хичнээн хэмжээний хөрөнгө захиран зарцуулсан талаарх мэдээллийг Шилэн данснаас хүргэе. Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа Шилэн дансны Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлогын мөнгөн гүйлгээ хэсэгт 2023 оны 1-4 дүгээр сард Төрийн сангаас 970 сая төгрөгийн орлого орж ирсэн талаар мэдээлжээ.
Харин үүнээс 1-4 дүгээр сард нийгмийн даатгалын шимтгэлд 45 сая төгрөг зарцуулсан бол зургаадугаар сард ЧДНДХ ТӨВЛӨРСӨН САН руу 21 сая төгрөгийг шилжүүлсэн бол 30 сая төгрөгийг томилолтын зардал гэсэн утгатайгаар БАТЦЭЦЭГ гэх хүний данс руу хийсэн бол ТРЭЙВЕЛВЭЙ компани мөн л томилолт нэрээр 37 сая төгрөг шилжүүлсэн байна. Мөн долоодугаар сард 9 сая төгрөгийг НДШ-д, наймдугаар сард ЧДНДХ ТӨВЛӨРСӨН САН руу 10 сая төгрөг, 9 сардүгээр сард НДШ 11 сая төгрөг, Хөшигийн хөндийн ББАХЗ засварын төлбөрт таван сая төгрөг, аравдугаар сард 11 сая төгрөгийн НДШ-д шилжүүлсэн байна.
Харин өнгөрсөн 11 дүгээр сард Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа зургаан төрлийн гүйлгээ хийжээ. Эдгээр нь бүгд гадаад томилолтод зарцуулсан байна. Тодруулбал, Хашчулуу, Өнөрболор, Оюунхорол, Гүндболд нарын дөрвөн хүний данс руу гадаад албан томилолт гэсэн утгатайгаар тус бүр 7 сая 300 мянган төгрөг, ТРЭЙВЕЛВЭЙ компанийн данс руу 21 сая төгрөг, Эйр транс ХХК руу 11 сая төгрөг шилжүүлсэн байна.
Ийнхүү Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт хариуцсан захиргаа бүтээн байгуулалттай холбоотой ямар нэг зардал гаргалгүй 970 сая төгрөгийг зарцуулжээ. Энэ тухайн захиргааны ажилчдын цалин, НДШ-ийн зардал, гадаад томилолтын зардалд зарцуулагдсан байна. Гэвч тус захиргаа орон нутгийн зэрэглэлтэй хотууд болон чөлөөт бүсийг байгуулж, эрх зүй, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалт, менежментээр хангах үүрэгтэй юм.
П.ГОО
Уншиж байна |