Тавантолгой түлш ХХК-иас 1.9 тэрбум төгрөгийн тендер зарлалаа
2023-12-26

Улаанбаатар хотыг утаанаас салгах, гэр хорооллын айл өрхийг хямд өртөгтэй, чанартай сайжруулсан түлшээр хангах эрхэм зорилготойгоор байгуулагдсан Тавантолгой түлш ХХК таван жилийн хугацаанд нийслэлийн агаар, орчинд олигтой ахиц дэвшил авчирсангүй. Харин ч төсвийн асар их хэмжээний хөрөнгийг үргүй зарж, эцэстээ өөрсдийгөө шагнасан, хувийн данс руу мөнгө шилжүүлсэн зэргээр төсвийн хөрөнгөөр туйлсан баримт нь ил болов. Улаанбаатар хот утаанаас салаагүй байхад л тус компанийн ТУЗ, гүйцэтгэх удирдлага нь урамшуулал авч, өөрсдийгөө шагнасан байгаа нь эмгэнэлтэй. 

 

 

Утааны нэрээр их хэмжээний хөрөнгө зарлагаддаг энэ компани дахин ихээхэн хэмжээний мөнгөн дүнтэй тендер зарлажээ. Нийт 1 тэрбум 940 сая төгрөгийн төсөвт өртгөөр баруун үйлдвэрийнхээ гуравдугаар цехийн барилга байгууламжид урсгал засвар хийхээр тендер зарласан байна. Тендерийн материалд дурдсанаар 1 тэрбум 940 сая төгрөгөөр 

 

-Гуравдугаар цехийн үйлдвэрийн барилгын 100м х 50м хэмжээтэй 300 метр урттай барилгын хананд тоосго өрж, өнгөлгөө шавардлага хийх, ханыг будах 

 

-Хоёрдугаар цехийн 150м х 50м хэмжээтэй үйлдвэрийн барилгын дээвэр шинэчлэн солих ажил хийж гүйцэтгэх гэнэ. 

 

Сайжруулсан нэртэй ч иргэдийг угаартуулж, муужруулдаг, бүр тэсэрч дэлбэрч иргэдийн эрүүл мэнд, амь насыг хохироодог түлш хэзээ нэрэнтэй тохирч, сайжрах нь тодорхойгүй бас нэгэн өвлийг барж байна. Тавантолгой түлш ХХК  ч иргэдийн эрүүл мэнд, амь насанд хохирол учруулдаг түлшний чанарыг сайжруулахгүй өнөөдрийг хүрлээ. Угаас Улаанбаатарын утаа асар ашигтай бизнес болохыг нүүрсний сонсголын үеэр дэлгэгдсэн баримтууд хангалттай харуулсан.

 

"Утаа"-гүй түлш үйлдвэрлэгч компани нь төсвийн хөрөнгөөр туйлж, тэндээс "Утаанаас төрсөн тэрбумтан"-тай болохыг ч үгүйсгэх аргагүй баримтууд дэлгэгдсэн. Одоо зарлагдсан тэрбумаар үнэлэгдэх төсөвтэй тендерээс хэн нь хичнээнийг хусахыг ч таах боломжгүй. 

 

Нийслэлчүүд энэ өвлийг үглэж дуулсаар давах нь тодорхой. Дараагийн өвөл ирдгээрээ ирнэ. Тэр үед Тавантолгой түлш ХХК-ийнхан өөрсдөө баяжиж хөлжсөн биш сайжруулсан нэртэй муужруулдаг түлшнийхээ чанарт ахиц авчрах хэрэгтэй байна шүү! 

 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин