Д.Амарбаясгалан: Монгол Улс олимпын наадамд цагаан тугийн дор оролцох эрсдэлээс гарлаа
2023-12-25

Монголын допингийн эсрэг үндэсний төв Олон улсын допингийн эсрэг байгууллагын үүрэг шаардлагыг биелүүлээгүйн улмаас Монгол Улс олимпын наадамд цагаан тугийн дор оролцох эрсдэлтэй тулгараад байсан. Энэ асуудлаар Засгийн газрын ажлын хэсэг ажиллаж, допингийн эсрэг үндэсний төвийн удирдлагын багт өөрчлөлт оруулаад байна. Тэгвэл манай улс энэ эрсдэлээс гарсныг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан цахим хуудсаараа дуулгажээ. 

 

 

Тэрбээр "2024 оны Парисын олимпод манай улс цагаан тугийн дор оролцох эрсдэлээс гарлаа. Энэ оны 09 сарын 22-нд Дэлхийн Допингийн эсрэг байгууллагын Гүйцэтгэх хорооны хурлаас Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагад тавьсан шаардлагуудыг биелүүлэх 4 сарын хугацаа өгсөн. Тэгвэл Засгийн газраас ажлын хэсэг гарч Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагын удирдлага, үйл ажиллагаанд тулгарч байсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэж ажилласны үр дүнд шаардлагуудыг 3 сарын хугацаанд бүрэн биелүүллээ.

 

Тус байгууллагын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн 5 хүнээс бүрддэг байсныг олон талын төлөөлөл бүхий 13 хүнтэй болгож өргөжүүлсэн нь допингийн эсрэг үйл ажиллагаа ил тод байх боломжийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл удирдах зөвлөл нэрийн дор тулгамдсан асуудлуудыг бугшруулах, олимпод цагаан тугийн дор Монголын тамирчид оролцох эрсдэлтэй болох зэрэг ноцтой үр дагавруудыг дахин гаргахгүй байхад чухал нөлөөтэй. Ийнхүү ирэх Парисын олимпын наадамд Монгол Улс төрийн далбаан дороо оролцож, тамирчид хурд, хүч, чадвараа сорих болно" гэжээ.

Shuud.mn
Сонин хачин